images

16 настай хүү нэгэн зэрэг 185 их сургуульд шалгалт өгч тэнцжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-08


    АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеанз хотын олон улсын дунд сургуулийг төгсөж буй 16 настай Деннис Малик Барнз 185 их сургуульд шалгалт өгч тэнцжээ. Тэрбээр энэ олон сургууль дундаас Корнеллийн их сургуулийг сонгож ирэх намар элсэн суралцахаар болсон тухай CNN мэдээлэв. Д.Барнз 185 их сургуульд тэнцсэнээр барахгүй нийт 10 сая долларын тэтгэлэгт хамрагдах санал авсан байна. Тэрбээр Корнеллийн их сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, дараа нь программ хангамж хөгжүүлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаа гэнэ. Д.Барнзын ахлах сургуулийн дөрвөн жилийн голч дүн 4.98 байгаа нь түүхэнд тэмдэглэгдэх хамгийн өндөр оноо ажээ. Сонгож элсэхээр болсон Корнеллийн их сургуулийн цамц өмссөн тэрбээр тус сургуулийг сонгох болсон тухайгаа "Корнеллийн их сургууль бол Айви Лигийн инженерийн сургуулиудын дунд хамгийн шилдэг нь" хэмээн CNN-д ярьжээ. 185 сургуульд шалгуулж тэнцсэн түүний энэхүү амжилт нь урд өмнө байгаагүй явдал бөгөөд Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр материалаа илгээсэн байна. Тэрбээр дээд амжилт тогтоох ямар ч бодолгүй, зүгээр өөрийгөө сорих гэж ийм олон сургуульд шалгуулсан тухайгаа хэлжээ. Улмаар ерөнхийлөгч асан Барак Обама, нэвтрүүлэгч Опра Уинфри нарыг биширч, тэдэнтэй уулзаж зөвлөгөө авахыг хүсдэг тухайгаа хэлсэн байна. Корнеллийн их сургуулийн Инженерийн сургуулийн удирдлага Д.Барнз болон түүний гэр бүлд баяр хүргэж "Бид ирээдүйн удирдагчийг сургуульдаа хүлээн авч байгаадаа баяртай байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.