Иргэдийн хурлын төлөөлөгч орон дотроосоо цахим хуралдаанд оролцож шүүмжлэлд өртөв
Анд нөхдийн мэдээ
2023-05-05
АНУ-ын Миннесота мужийн Иргэдийн хурлын хуралдаан болжээ. Хуралдаан танхимын болон цахим хэлбэрээр явагдсан бөгөөд хуралдааны явцыг “YouTube” стриймээр шууд дамжуулсан байна. Уг хуралдаанд цахимаар оролцож байсан төлөөлөгч Калбин Бахын дүрс орж ирэхэд тэрбээр орон дотроо нүцгэн хэвтэж байсан нь харагдаж ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр энэ тухайд “Хуулийн төсөлд санал өгөх гээд микрофоноо асаахдаа санамсаргүй буруу дарж камераа асаасан” хэмээн хэлж уучлал гуйжээ. Түүний энэ байдлыг харсан хуралдааны танхимд бөөн инээд хөөр болов. Тухайн шууд хуралдааны энэхүү бичлэгийг хүмүүс олон янзаар эвлүүлж хөгжилтэй байдлаар цахим сүлжээнд нийтэлсэн нь тэр дороо тарж хоёр хоногийн дотор 10 мянга гаруй хүн үзсэн байна. Цахим хэрэглэгчид үүнд “Төрийн албан хаагчдад хуралдаанд оролцохдоо ядаж цамцаа өмсөх ёстойг хэлж өгнө үү”, “Өмдөө биш юм гэхэд цамцаа өмсөж хуралдъя” гэх зэрэг шүүмжлэл өрнөсөн бол нөгөө талаар "Энэ тийм таагүй зүйл биш шүү дээ. Хэрэв камер асаагүй бол хэн ч мэдэхгүй байх байсан" гэх мэтээр түүнийг өмөөрсөн сэтгэгдэл ч хөвөрсөөр байна. Түүний харьяалагддаг Бүгд найрамдах намын хэвлэлийн төлөөлөгч "Төлөөлөгч Бах тэр өдрийн өглөөний 4:45 цаг хүртэл ачааны машины жолоочоор ажилласан бөгөөд ажлаа тараад амарч байхдаа цахимаар хуралдаанд оролцсон” гэж тайлбарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.