Мона Лиза зургаас шинэ нээлт хийжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-05
Италийн урлаг судлаач Сильвано Винчетти саяхан Ромд хэвлэлийн бага хурал хийж Леонардо да Винчигийн алдарт "Мона Лиза" зургийн арын дэвсгэр дээрх чулуун гүүр бол Ареццо нутгийн Латерина дахь Ромито гүүрний зураг болохыг тогтоосон тухайгаа мэдэгдэв. Арын гүүр нь дөрвөн нуман хаалгатай чулуун гүүр бөгөөд зургийн баруун талд, Мона Лизагийн мөрний ард жижигхэн хэмжээтэй дүрслэгдсэн байна. Судлаач Винчетти энэхүү мэдэгдлийг гаргах хүртэл эрдэмтэд тус гүүрийг Италийн хойд хэсэгт орших Пиаценза дахь Бавио гүүр, эсвэл Латерина мужийн ойролцоох Буриано гүүр гэж таамагладаг байсан юм. Ромито гүүрнээс одоо ганцхан нуман хаалга үлджээ. Флоренц дахь Улсын архиваас олдсон Медичигийн ургийн бичгээс харвал 1501-1503 оны хооронд гүүр бүрэн бүтэн байсан бөгөөд хүн зон ч олноор зорчдог байжээ. Винчетти голын өргөн болон үлдсэн нуман хаалганы өргөнийг хэмжиж, нурж сүйдэхээс өмнө дөрвөн нуман хаалга байсныг тогтоосноо хэлсэн байна. Тэрбээр “Арно голыг дайран өнгөрөх энэхүү гүүрний өвөрмөц хэлбэр нь “Мона Лиза” зурагт дүрслэгдсэн гүүрний хэлбэртэй яг адилхан” гэжээ. Винчетти мөн Да Винчи тухайн үеийн сүмийн санваартан байсан авга ахтайгаа гүүрний ойролцоох газар орноор их явдаг байсныг нотлох баримтуудыг олсон тухайгаа мэдэгджээ. Тэрбээр энэ хавиар өнгөрөхдөө гүүрийг хараагүй байх учиргүй бөгөөд өвөрмөц хэлбэртэй энэ гүүрийг уран бүтээлдээ үлдээсэн нь гарцаагүй хэмээн таамаглаж байгаагаа хэлсэн байна. Латерина хотын захирагч Симона Нери "Винчеттигийн дэвшүүлсэн санаа нь 3500 оршин суугчтай манай иргэдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн. Бид Ромитогийн гүүрний үлдсэн нуман хаалгануудыг хамгаалах ёстой" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.