images

Ганцхан асуултаар сард 100 мянган доллар олдог залуу

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-03


     “Та ямар мэргэжилтэй, ямар ажил эрхэлдэг вэ?” гэсэн энгийн ганц асуулт хүмүүсээс асуугаад маш их орлого олдог нэгэн залуугийн тухай танилцуулъя. Америкийн “TikTok”-ийн хэрэглэгч Дэниел Мак хэмээх 26 настай залуугийн "TikTok" дагагчдын тоо өдгөө 13.8 сая давж, “Instagram”-д дагагчид нь 2 сая гаруй болжээ. Түүний хийдэг бичлэг маш богинохон бөгөөд зүгээр л утасныхаа видео камерыг асаан үнэтэй сайхан автомашинтай хүмүүст очиж эелдгээр мэндлээд "Та ямар ажил эрхэлдэг вэ?” гэж асууна. Түүний уулзсан хүмүүсийн ажил мэргэжил нь олон янз. Алдартай компанийн захирлуудаас эхлээд жүжигчид, одууд, олны танил биш баячууд, тэдний гэр бүл хүртэл орно. Тэдний унасан сүпер машины загвар, үнэ зэргийг мөн бичлэгт оруулна. Аризона мужийн Тайсон хотын уугуул Д.Мак хоёр жилийн өмнөөс ийм видео бичлэг хийж, нийтэлж эхэлсэн байна. Даллас хотод амьдарч байсан тэрбээр чинээлэг хүмүүс олноор амьдардаг Лос-Анжелес хотод нүүж ирсэн бөгөөд контентоо бүтээсээр байгаа ажээ. Өнгөрсөн жил “LA Times” сонин “Мак видео сурталчилгааны орлого, сурталчилгааны гэрээнээсээ сард 100 мянган доллар олдог” хэмээн нийтлэлдээ дурджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Д.Макийг АНУ-ын засаг захиргаанаас Хойд Америкийн хамгийн том автомашины үзэсгэлэн болох Детройт хотын авто шоунд зочлохыг урьсан бөгөөд энэ үеэрээ тэрбээр ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж мөн ийм агуулга бүхий бичлэг хийсэн байна. Тухайн үед Д.Мак GM-ийн анхны цахилгаан жийп “Cadillac Lyric” унасан ерөнхийлөгчид очоод "Маш сайхан машин байна. Та ямар ажил эрхэлдэг вэ?” гэхэд ерөнхийлөгч Ж.Байден “Аан... Би Жилл Байден хэмээх бүсгүйн нөхөр байна. Америкт илүү олон цахилгаан машин бүтээгдээсэй гэж хүсдэг. Чи миний машинд суумаар байвал ороод ир л дээ. Гэхдээ би Вашингтон хүртэл явна” хэмээн хошигножээ. Одоогоор уг бичлэгийг 38 сая хүн үзсэн байна. Сүпер машины “Pagani” брэндийг үүсгэн байгуулагч Орацио Паганитай ярилцаж буй Д.Макийн бичлэг мөн л олны анхаарлыг татаж 55 сая хүн үзжээ. “LA Times” сонины сурвалжлагч Андрей Чанг энэ талаар "Маш энгийн ганц асуултаар асар том баялаг бүтээж чадсан хүн. Түүний контентууд үзэгчдийн сониуч зан, цагаан атаархлыг төрүүлдэг” хэмээн хэлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.