images

Умард Солонгосын дараагийн удирдагч хэн байх вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-02


    Хилийн чанадад дүрвэн гарсан БНАСАУ-ын дипломатч, тус улсын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн дэд захирал асан Ко Ён ​​Хван Японы "Sankei Shimbun" сонинд Хойд Солонгосын засгийн эрхийн залгамжлалын тухай ярилцлага өгсөн байна. Тэрбээр Ким Жон Ун үе залгамжлан төр барих тогтолцооны бэлгэдэл болгож албан ёсны арга хэмжээнд охиноо олны өмнө гаргаж буй нь охин дүү Ким Ё Жоны эрх сүрийг хязгаарлах гэсэн оролдлого хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Ким Жү Э охин аавтайгаа хамт олны өмнө гарч ирэх болсноос хойш удирдагчийн охин дүү Ким Ё Жүн нь Кимээс нэлээд хол, заримдаа эгнэн зогссон хүмүүсийн төгсгөлд байгаа дүр зураг нэг бус удаа гарсан юм. Ко Ён Хван энэ талаар хэлэхдээ “Умард Солонгосын хэвлэл мэдээллээр гаргаж буй аливаа зүйлд санамсаргүй явдал гэж байдаггүй. Энэ бол зориуд ингэж харуулж буй хэрэг” гэжээ. Тэрбээр Ким Жон Ун ихээхэн нэр хүндтэй эгчийнхээ нэр нөлөөг дарахын тулд зөөлөн сэтгэгдэл төрүүлж чадах охиноо ил гаргаж, охин дүүгээ БНСУ болон АНУ-д хандсан хариу мэдэгдэл хийх зэрэг гадаад бодлогын асуудал руу хандуулснаараа төвөөс хөндийрүүлж байна гэж тайлбарлажээ. Харин хэтдээ Ким Жон Уны залгамжлагч нь охин биш харин албан ёсоор олны өмнө ил гараагүй байгаа хүү нь байх магадлалтай гэсэн байна. Түүнд 2010 онд, мөн 2017 онд төрсөн хоёр хүү байдаг гэнэ. Энэ тухай тэрбээр "Умард Солонгост эмэгтэй хүн үүрд дээд удирдагч байх боломжгүй. Хоёр хүүгийнх нь нэг нь залгамжлагч болох магадлал хамгийн өндөр” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.