13 настай хүү жолоодлогогүй болсон сургуулийн автобусыг зогсоож чаджээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-02
АНУ-д сургуулийн автобусны жолооч хүүхдүүд тээвэрлэн явж байхдаа ухаан алдаж унахад тэнд сууж явсан 13 настай сурагч автобусыг жолоодон аюулгүй зогсоож чадсан байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан хар хайрцагны бичлэг цацагдсанаар “бяцхан баатар”-ын гавьяа цахим ертөнцөөр маш хурдан тарж хүн бүр түүнийг магтан алдаршуулж байна. Энэхүү гавьяат үйлсийн эзэн бол Мичиган мужийн Уоррен хотын дунд сургуулийн долдугаар ангийн сурагч 13 настай Дилан Ривз байлаа. Сургуулийн албаны хүний мэдээлснээр, тухайн үед Ривз нарын 66 сурагч автобусанд сууж явжээ. Жолооч жолоо барьж явахдаа толгой нь эргэж, энэ тухай сургуульдаа мэдэгджээ. Сургууль даруй өөр жолооч явуулсан байна. Жолооч араас ирэх жолоочтойгоо солигдохоор тохирсон газарт хүрэхээр явж байгаад ухаан алдсанаар автобус жолоодлогоо алдаж, өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл рүү чиглэжээ. Энэ үед автобусны тавдугаар эгнээнд сууж байсан Ривз суудлаасаа үсрэн босож үүргэвчээ шидэж орхиод автобусны жолоочийн бүхээг рүү гүйн очиж жолоог зөв залуурдан явсаар тоормос гишгэж аюулгүй зогсоосон байна. Улмаар тэрбээр бусад сурагчдад хандан "Яг одоо 911 рүү залга" гэж хашгирчээ. Ингэж байхдаа аюулгүй байдлын үүднээс тоормосны дөрөө дээр гишгэсээр байсан байна. Дуудлага хүлээн авсан цагдаа, гал сөнөөгчид даруй ирсэн бөгөөд азаар сурагчдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсангүй. “Бяцхан баатар”-т нутгийн иргэд талархал илэрхийлсээр байна. Хотын иргэдийн хурлын төлөөлөгч Жонатан Лафферти Фэйсбүүк хуудсандаа "Чиний баатарлаг үйлсээр маш их бахархаж байна" гэж бичсэн бөгөөд сургуулийн зүгээс Ривзийн эцэг эх рүү утасдаж хүү нь баатарлаг гавьяа байгуулсныг дуулгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.