Норвеги: Далайн заан устгаад хүрэл хөшөө босгов
Анд нөхдийн мэдээ
2023-05-01
Өнгөрсөн оны долдугаар сард Норвеги улсын Ослогийн далайн эрэг дээр 600 кг жинтэй эмэгчин далайн заан (walrus) гэнэт гарч ирж олны анхаарлыг татжээ. Улмаар тус улсын Загас агнуурын газар хүмүүсийн аюулгүй байдалд халдана гэж үзээд хүмүүсээс Фрейя хэмээх нэр авсан тэрхүү далайн зааныг устгасан байна. Далайн эргээр амарч зугаалж яваа хүмүүст түүнээс зайтай байхыг зөвлөсөн боловч төдийлөн дагаж мөрдөхгүй байснаас хүнд халдах магадлалтай гэж үзэн ийм алхам хийжээ. Хэдийгээр далайн заан хүн рүү дайрдаггүй ч амарч унтаж байхад нь саад болж цочоовол дайрах нь бий аж. Өмнө нь нэгэн эмэгтэй түүнтэй хөөцөлдөн далайн гүнд хүртэл орсон тохиолдол гарснаас болж тэрхүү далайн эргийг хааж байжээ. Загас агнуурын газрын албаны хүн мэдэгдэхдээ "Амьтан хамгаалах асуудал, амьтны амь нас чухал ч гэсэн хүний амь нас, аюулгүй байдал хамгийн түрүүнд тавигдах ёстой" гэсэн байна. Үүний дараахан тэрхүү далайн заанд зориулж яг биеийнх нь хэмжээгээр хүрэл хөшөө босгосон байна. Хөшөөн дээр нь “For Our Sins” гэж сийлжээ. Уг хөшөөг босгох ажлыг удирдсан Эрик Холм "Норвеги улс болон Загас агнуурын газар амьтны асуудлыг ийм хэрцгий байдлаар шийдсэнд бухимдаж энэхүү хөшөөг босгосон” гэжээ. Үүнийг босгохдоо хандивын аян өрнүүлж 25 мянга орчим доллар цуглуулсан байна. Хөшөөг урласан Астри Тонойан "Фрейяг устгасан явдал нь зөвхөн хүн байгалийн амьтанд хандаж буй хандлага төдийгүй хүн хүндээ хандах хандлага ч юм" хэмээн шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.