images

Уинстон Черчиллийг хэн хүмүүжүүлсэн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-01


   Их Британийн “Financial Times” сонин өнөөдрийн дугаартаа хааны гэр бүлийн асрагч нарыг бэлддэг 130 жилийн түүхтэй “Norland College”-ийг онцлон танилцуулсан байна. Тус улсын Засгийн газрын сайд нарын тал хувь энэхүү сургуулийг төгссөн асрагч нарын гараар хүмүүжжээ. Өдгөө ханхүү Уильямын хүү Жорж, охин Шарлотт нарыг өсгөж буй Мария Тереза ​​Боралло нь 30 жилийн өмнө мөн энэ сургуулийг төгссөн байна. Тус сургуулийн төгсөгчид түүхэндээ зөвхөн Англи төдийгүй Орос, Испани, Серб зэрэг орнуудын хаад, язгууртнуудын хүүхдүүдийг асран халамжилж, өсгөж ирсэн түүхтэй аж. Асрагчаар мэргэшсэн тус сургуулийн төгсөгчийг норландер гэж нэрлэдэг байна. 1972 онд Англиас анх удаа Европын парламентын гишүүн болсон Стэнли Жонсоны хоёр хүүхэд болох Борис, Рэчел нар мөн норландерийн гараар хүмүүжсэн бөгөөд Борис хожим нь Их Британийн ерөнхий сайд болсон зэрэг олон жишээг дурдаж болно. Норландерууд тусгай дүрэмт хувцас өмсөж, хүүхэд хооллох, асрах, багадаж томдсон хувцас засах, хооллох соёлд сургах, хоол хийх гэх мэт уламжлалт ажлаас эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харьцах, жендэрийн тухай, дээд зиндааныхны яриа, хошигнол зэрэг олон төрлийн хичээлийг гурван жилийн турш заалгадаг аж. Тус сэтгүүл мэдээлэхдээ Оксфорд, Кэмбриж зэрэг нэр хүндтэй их сургуулийн төгсөгчид ажил олох гэж үйлээ үзэж байхад “Norland College”-ийн төгсөгчид нэг хүн дунджаар 14 ажлын байрнаас сонголт хийж ордог, анхны цалин нь 40 мянган паундаас эхлээд улмаар 100 мянган паунд хүртэл өсдөг тухай мэдээлсэн байна. Тэдний асран хүмүүжүүлсэн хүүхдүүдээс технологийн тэрбумтнууд, телевизийн одод, нэрт улс төрчид олноор төрөн гарчээ. Тус коллежид шинээр элссэн оюутнууд сургуулийн нэр хүнд, ирээдүйд асарч өсгөх хүүхдүүдийн нэр сүрийг хохироох аливаа үйлдэл хийхгүй гэдгээ амлаж тангараг өргөдөг ажээ. Тус сургуулийг 1892 онд Англид хүүхэд асрах боловсролын анхдагч Эмили Уорд үүсгэн байгуулсан байна. Өнгөрсөн оны есдүгээр сард тус сургуульд 102 эмэгтэй, 2 эрэгтэй оюутан элсэн орсон бөгөөд сургалтын төлбөр жилийн 15 мянган паунд, гадаад хүн бол 18 мянган паунд байдаг ажээ. Энэхүү сургууль төгссөн асрагчийн гараар хүмүүжсэн Английн ерөнхий сайд асан Уинстон Черчилль асрагч Элизабет Эверестийнхээ тухай "Миний амьдралын эхний 20 жилийн хамгийн хайртай, хамгийн дотны хүн минь байсан" гэж хэлсэн байдаг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.