images

Б.Обама, С.Спилбэрг, Б.Спрингстин гурав Барселонагийн ресторанд гэнэт орж ирэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-01


     Испанийн Барселона хотын "Palace" зочид буудлын, далайн хоолоороо алдартай ресторанд энэ сарын 27-ны өдөр нэгэн хүн утсаар ярьж оройн хоолны захиалга өгчээ. Дуудлага хийсэн хүн нь испани гаралтай Америкийн алдарт тогооч Хосэ Андрес байсан аж. Тэрбээр захиалга өгөөд "Маш чухал хүмүүс очно” гэхээс өөр юм яриагүй байна. Захиалгын цаг болоход гаднаас АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама эхнэртэйгээ орж иржээ. Тэд зөвхөн хоёулхнаа ч биш домогт кино найруулагч Стивен Спилбэрг, рок домог Брюс Спрингстин нартай хамт орж ирж рестораны ажилчдыг сандаргасан байна. Барак Обама, Мишель Обама болон С.Спилбэрг нар 28-нд болох Б.Спрингстиний тоглолтыг үзэхээр Барселонад ирсэн нь тэр байжээ. Тэрбээр эхнэр болон зочдын хамт тус ресторанд хясаа, түрс зэрэг далайн хоол идэж, бага зэрэг сархад зооглосон байна. Бие хамгаалагчид рестораны ажилчдаас зураг авахгүй байхыг хүсжээ. Гэсэн хэдий ч Б.Обама хоолоо идэж дуусаад тогооч болон үйлчлэгч нартай мэндчилж, сайхан хоол хийж өгсөнд талархаснаа илэрхийлээд хамт зураг авахуулахыг хүссэн байна. Тус рестораны ажилтан Пол Перелло цахим хуудсан дээрээ "Ажил минь надад баяр баясгалан авчирдаг" гэсэн гарчигтай тэдгээр эрхмүүдтэй хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Б.Обама маргааш нь эхнэртэйгээ хөтлөлцөн хотын төвөөр чөлөөтэй алхаж явахдаа иргэдтэй гар даллан мэндчилж байсан байна. Дараа нь С.Спилбэрг болон түүний эхнэрийн хамт Саграда Фамилиа сүм болон Пикассогийн музейг үзээд концертын танхимыг зорьжээ. Б.Спрингстин 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд Б.Обамаг дэмжиж байсан бөгөөд энэ үеэс тэд найзууд болсон байна. Найруулагч С.Спилбэрг, Б.Обама нар бол эртний дотно найзууд ажээ. 2015 онд Б.Обама түүнийг Эрх чөлөөний одонгоор шагнаж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.