Хулсны баавгай 20 жилийн дараа эх орондоо эргэж ирлээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-28
АНУ-ын амьтны хүрээлэнд 20 жилийн хугацаатай түрээслүүлсэн Яа Яа нэртэй хулсны баавгай өчигдөр Хятадад буцаж ирсэн тухай CCTV мэдээллээ. Яа Яа баавгай Шанхайн амьтны хүрээлэнд 30 хоногийн турш хорио цээрийн дэглэм барьж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа төрөлх хот Бээжингийн амьтны хүрээлэнд ирэх ажээ. Баавгай 2000 оны наймдугаар сард Бээжингийн амьтны хүрээлэнд мэндэлсэн юм. Харин түүнийг гурван настай байхад 2003 оны дөрөвдүгээр сард Америкийн Мэмфисийн амьтны хүрээлэнд судалгааны зорилгоор Ли Ли хэмээх эр хулсны баавгайтай ижилсүүлэн суулгасан ажээ. Энэ үед түрээсийн хугацаа нь 10 жил байсан ч дахин 10 жилээр сунгасан бөгөөд энэ сарын долооны өдөр хугацаа дуусав. Энэ оны хоёрдугаар сард түүнтэй хамт байсан 25 настай эрэгчин баавгай гэнэт үхсэн бөгөөд түүний дараа турж эцэж, эрч хүчээ алдсан Яа Яагийн гэрэл зураг, бичлэг олон нийтэд цацагдсан юм. Үүнээс болж Хятадад Яа Яаг эргүүлэн авахыг уриалсан дуу хоолой цахим ертөнцөд ихээр гарах болжээ. Түүнийг Хятадад ирж буй үйл явцыг онгоцны буудлаас интернэтээр шууд дамжуулсан бөгөөд энэ үед үзэгчдийн тоо таван саяд хүрсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.