Хятад эрчүүд ирээдүйн хань нь эрэгтэй дүүгүй байх шалгуур тавьдгийн учир
Анд нөхдийн мэдээ
2023-04-27
Хятадын Шаньдун мужид гэрлэж амжаагүй ганц бие хүмүүсийн цугларалт, болзоо болж 4000 орчим хүн оролцсон тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Уг арга хэмжээнд оролцсон эрчүүдийн олонх нь эрэгтэй дүүгүй эмэгтэйтэй танилцах, цаашлаад ханилах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал 1990 онд төрсөн нэгэн залуу тогтвор суурьшилтай ажилтай, машин, байшинтай эмэгтэйтэй танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд хамгийн гол нь танилцах бүсгүй маань эрэгтэй дүүгүй байх ёстой гэсэн байна. 1998 онд төрсөн өөр нэг эр “Ирээдүйн хань маань биеийн өндөр, жин хэд байх нь огт хамаагүй. Эелдэг зантай, сайхан сэтгэлтэй, амьдрах чин хүсэлтэй байх ёстой” гээд мөн л эрэгтэй дүүгүй байвал сайн гэжээ. Үүний хариуд эмэгтэйчүүд ч өөрсдийгөө эрэгтэй дүүгүй гэдгээ онцолж байсан аж. 27 настай нэгэн эмэгтэй эрэгтэй дүүтэй гэдгээ хэлээд, дүүгээ шилдэг их сургуульд сурдаг тул амьдралд төдийлөн ачаа тээр болохгүй гэдгийг онцолсон байна. Тус мужийн Сэтгэл судлалын институтын сэтгэл судлаач Жан Пухуй энэ үзэгдлийг хэвийн бус зүйл гэжээ. Үүний учир нь Хятадад ихэнх эцэг эхчүүд охиддоо “Дүү нь гэр бүлийн багана. Эгч нь дүүгийнхээ өмнө хариуцлага хүлээж, харж хандах ёстой” гэж сургадаг байна. Тиймээс эрчүүдэд эхнэр нь эрэгтэй дүүгээ өөрөөс нь илүү анхаарч халамжлах вий, өөрөө эхнэрийнхээ дүүд байр сууриа алдах вий гэсэн болгоомжлол байдаг аж. Энэхүү арга хэмжээ цахим ертөнцөд олны анхаарлыг татаж, зөвхөн Хятадын “Weibo” нийгмийн сүлжээгээр 93 сая хүн үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.