images

Америк сурагчид их сургуулийн элсэлтийн шалгалтад унахаараа яадаг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-27


     АНУ-д ахлах сургууль төгсөж буй сурагчид их сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй нэгэндээ сэтгэлийн дэм хайрлаж, бие биенээ урамшуулдаг "rejection party" гэх соёл өнөө үед моодонд орж байгаа тухай “New York Times” сонин мэдээлэв. Энэхүү үдэшлэг нь их сургуулиудаас ирсэн шалгалтын хариуг хэвлэж аваад, тэнцээгүй тухайгаа чангаар уншмагцаа тэрхүү цаасыг урж шидэх юм уу, цаас бутлагчид хийн устгаж, дараа нь бялуу, зайрмаг зэрэг амттан идэн инээлдэж хөгжилдөх маягаар өрнөдөг ажээ. Лос-Анжелес хотын нэгэн ахлах сургуулийн сурагчид “Шалгалтад унагсдын хана” гээчийг босгож түүн дээрээ "Нью-Йоркийн их сургуулиас: "Чи хэтэрхий ухаантай учраас тэнцээгүй байна", "Вассарын их сургуулиас: Чи хэтэрхий гуалиг болохоор манай сургуульд тэнцсэнгүй" гэх мэтийн зурвасууд наажээ. Өсвөр насныхны дунд “Урам хугарах, бүтэлгүйтэх нь амьдралын нэг хэсэг, түүнийг хэтэрхий хүндээр хүлээж авах шаардлагагүй” гэсэн үзэл бодол хурдацтай тархаж, ийм маягийн үдэшлэг, ёслол түгээмэл болж байгаа тухай тус сонин мэдээлэв. Энэ бол өнөө үед Америкийн нийгэмд ноёрхож буй өөрийгөө өмөөрөх, хамгаалах соёлын нэг хэсэг юм. “Ялахын тулд та өөрийн сул талаа илчлэх ёстой" гэх зэргээр багш, эцэг эхчүүд ч өсвөр насны залууст урам хайрладаг тухайгаа хэлсэн байна. Тус сонинд гарсан энэхүү нийтлэлд дунд насныхан мөн сонирхолтой хариу үйлдэл үзүүлжээ. Нэгэн уншигч "Би бас 30 жилийн өмнө Харвардын Анагаах ухааны сургуульд шалгуулаад тэнцээгүй ч хичээсээр байж арайхийн түргэн тусламжийн эмч болсон. Өнөөгийн залуусын энэ үйлдэл тун дажгүй соёл юм” гэжээ. Судлаачдын үзэж байгаагаар АНУ-д нэг оюутан дунджаар 10 гаруй их сургуульд шалгуулдаг тул аль нэгэнд нь тэнцэхгүй байх нь ичиж зовох зүйл биш болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.