Америкийн хурдны зам дээр хонин сүрэг бэлчсэний учир
Анд нөхдийн мэдээ
2023-04-27
АНУ-ын Айдахо мужийн 55 дугаар хурдны зам дээр 2500 толгой орчим хонин сүрэг гэнэт гарч ирж хүмүүсийн анхаарлыг татсан байна. Тэрхүү хонин сүрэг нутаг сэлгэн, өвс ногооны гарц сайтай “Boise” үндэсний хүрээлэнгийн ойн нуга руу нүүдэл хийж, өөрөөр хэлбэл зусландаа гарч явсан нь тэр байжээ. Хонин сүрэг зундаа тус хүрээлэнгийн ойн нугад зусаад намар нь суурин бэлчээр лүүгээ буцдаг аж. Тухайн үеийн нөхцөл байдлын бичлэгийг харвал хурдны замаар давхиж байсан машинууд бүгд хонин сүрэгт зам тавьж өгөхөөр замаас гарч зогссон байна. Хоньд эзнийхээ дохио заавраар маш эмх цэгцтэй цувран зам гарах үед сүрэг хонины майлалдах дуу, туурайн чимээ бүхий энэ ховор үзүүлбэрийг үзэхээр хурдны зам дагуу 300 орчим хүн цугларчээ. Хонин сүрэг тус ой руу зусланд гарах нь хоньд болоод малчинд ч, улсад ч ашигтай зүйл гэнэ. Учир нь хоньд ус өвсний соргог бэлчээрт гарч тарга хүч авдаг бол тус ойн нуга борог өвснөөсөө салж галын аюул, түймэр гарахаас хамгаалагддаг ажээ. Тиймээс тус мужид хаврын цагт олон мянгаар тоологдох хонин сүрэг оторлож нүүдэллэн зусланд гардаг энэ уламжлал 100 гаруй жилийн өмнөөс хэвшил болсоор ирж. Айдахо мужийн Бэлчээрийн нөөцийн хорооны төлөөлөгч хэлэхдээ "Энэ нь манай улсын бусад муж нутгийн хүмүүст ер бусын үзэгдэл байж магадгүй ч Айдахо мужид бол ердийн үзэгдэл” хэмээн сайрхаад, хонин сүрэг ойд бэлчээрлэж бут сөөг, өвс ногоог иддэг нь ургамлын ургалтыг идэвхжүүлдэг, харилцан ашигтай явц болох тухай ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.