Дайны улмаас тарсан Украины хөлбөмбөгийн клубийг Бразилд байгуулав
Анд нөхдийн мэдээ
2023-04-27
Украины зүүн өмнөд хэсэгт орших Мариуполь хот Оросын түрэмгийлэлд хамгийн их өртсөн бүс нутгийн нэг юм. Тус улсын засгийн газрын тооцоолсноор Мариуполь хот дайны хөлд 90 хувь нь сүйдэж, 22 мянга гаруй энгийн иргэд амиа алдсан байна. 1960 онд байгуулагдсан тус хотын “FC Mariupol” хөлбөмбөгийн клуб дайны улмаас татан буугдсан юм. Өнгөрсөн жил цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн байгууламж нурж тус клуб цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж тоглогчид, дасгалжуулагчид, ажилтнуудтай байгуулсан гэрээгээ цуцалсан байна. Гэвч энэхүү алдарт клуб бөмбөрцгийн нөгөө талд дахин амилжээ. Мариуполь хотын орлогч дарга Андрей Санин CNN телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэрэв бид тоглохгүй бол хүмүүс биднийг мартах болно. Би хөлбөмбөгөөр хүмүүсийн сэтгэлд эргэн ирэх арга зам эрэлхийлж байгаад хөлбөмбөгийн орон болох Бразилийг сонгосон” гэжээ. Бразилд украинчуудын тосгон байдаг бөгөөд нийт хүн амын 75 хувь буюу 40 мянган хүн украин гаралтай ажээ. Тус тосгоны хөлбөмбөгийн “Атлетика Баттел” баг Украины хөлбөмбөгийн түүчээг үргэлжлүүлэхээр болсон тухай А.Санин хэлэв. Тус баг нэрээ “FC Mariupol” болгон өөрчлөөд зогсохгүй багийн лого, дүрэмт хувцсыг мөн Мариуполийн хэрэглэж байсан улбар шар өнгөтэй хувцсаар сольсон байна. Хэдийгээр энэ багт бразил тоглогчид голдуу тоглодог ч хөлбөмбөгийн ертөнцөд “FC Mariupol”-ийн нэрээр дуудагдах болжээ. Тус багийн дасгалжуулагч Алекс Лопэс Баттел хэлэхдээ "Бидний зорилго бол "FC Mariupol"-ийг Украиндаа эргэж сэргэх хүртэл энэ нэрийг нэр төртэй хадгалах явдал" гэж мэдэгдсэн байна. Мөн “Дайн дуусахад тус багийн тамирчдыг Мариупольд урих болно” гэж А.Санин хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.