Дуучин Граймз: Авьяас технологи хоёрыг хослуулах нь зүйтэй
Анд нөхдийн мэдээ
2023-04-27
Хиймэл оюун ухаанаар урлагийн бүтээл хийх нь зохистой эсэх талаар маргаан дэгдэж буй энэ үед Илон Маскийн найз бүсгүй байсан дуучин Граймз хиймэл оюун ухааныг ашиглан өөрийн дуу хоолойгоор шинэ дуу хийсэн хүнд роялти төлнө гэж мэдэгджээ. Тэрбээр Twitter хуудсандаа "Хэрэв та хиймэл оюун ухаан ашиглан дуу хоолойг минь надад таалагдахаар бүтээж чадвал би 50 хувь роялти төлнө" гээд “Энэ бол миний авьяасыг ашиглах сайхан боломж” гэжээ. Граймз "Авьяас, технологи хоёрыг хослуулах нь зүйтэй. Бүх урлагийн бүтээлийг нээлттэй эх сурвалж болгох ёстой " гэсэн байна. Нээлттэй эх сурвалж гэдэг нь эх программыг хэн ч чөлөөтэй өөрчилж, дахин түгээх гэсэн санаа аж. Дуу хоолойг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүчирхийллийн агуулгад ашигласан бол яах вэ гэсэн асуултад тэрээр "Үр хөндөлтийн эсрэг гэх мэт эрүүл бус агуулгатай контент байвал л устгаж болно" гэж хариулсан байна. Тэрбээр Америкийн поп ертөнцөд бий болсон хиймэл оюун ухааныг урлагтай холбох асуудлыг дэмжиж байгаагаа ийнхүү ил цагаан илэрхийлсэн нь олон маргаан дагуулаад байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Америкийн дуу бичлэгийн холбоо хиймэл оюун ухааны компаниуд хөгжим, урлагийн бүтээл ашиглан зохиогчийн эрхийг их хэмжээгээр зөрчиж байна гэж шүүмжилсэн юм. Харин өнгөрсөн сард тус улсын Зохиогчийн эрхийн алба хиймэл оюунаар бий болгосон урлаг, тэр дундаа хөгжим нь "Хүний бүтээл биш учраас зохиогчийн эрхээр хамгаалагдах боломжгүй" гэсэн шийдвэр гаргажээ. Граймз буюу Клэр Бүшэр 2018 оноос хойш И.Масктай гурван жил хамт амьдраад салсан бөгөөд тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.