Ши Жиньпин Владимир Зеленский нар утсаар нэг цаг ярьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-27
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьжээ. Украины дайн эхэлснээс хойш Ши Жиньпин Зеленскийтэй анх удаа шууд харилцаж байгаа нь энэ юм. Хятадын CCTV телевизийн мэдээлснээр, Ши Жиньпин Украины хямралд Хятад улсын гол байр суурь бол хэлэлцээг хөхиүлэн дэмжиж, яриа хэлэлцээ хийхийг уриалах явдал гэдгийг онцлоод "Яриа хэлэлцээ нь цорын ганц ашигтай гарц юм" гэжээ. Тус улс өнгөрсөн хоёрдугаар сард дайныг улс төрийн аргаар шийдвэрлэх тухай байр сууриа илэрхийлснээ сануулаад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай том орны хувьд дайн, сөргөлдөөнийг энхийн аргаар шийдвэрлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн түүнээс гадна Хятадын засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийг Украинд илгээж, улс төрийн шийдэлд хүрэхийн тулд талуудтай тэнцүү харилцаж, дипломат зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээ мэдэгджээ. Түүнчлэн энэ дайн цөмийн дайн болж хувирах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлж, "Хоёр тал цөмийн асуудлаар хүлээцтэй байх ёстой" гэсэн байна. Энэ тухайд Зеленский "Бид утсаар удаан, учир утгатай зүйлс ярилцсан” гэж Twitter хуудсандаа мэдээлсэн боловч ярианыхаа нарийн ширийн зүйлийн талаар дурдаагүй байна. Түүний хэлснээр уг яриа бүтэн цаг үргэлжилсэн байна. Мөн тэрбээр "Хятадад суух Украины элчин сайдыг томилсон төдийгүй бид утсаар ярилцсан нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна" гэж тэр нэмж хэлжээ. Тэрбээр Ши Жиньпинтэй утсаар ярьсны дараа шууд Стратегийн аж үйлдвэрийн сайд асан Павло Рявикинийг БНХАУ-д суух Элчин сайдаар томилсон тухай Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Улмаар В.Зеленский энх тайвныг сэргээн тогтоож, дипломат арга замаар хямралыг зохицуулахад Хятад улс санаачлага гаргаж байгаад талархсанаа илэрхийлсэн тухай CCTV мэдээлэв. "Спутник" агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Гадаад хэргийн яам "Хятадын тал хэлэлцээний үйл явцыг бий болгохыг оролдож буй хандлагыг анхааралтай ажиглаж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.