Монголд бүтээсэн үлгэрийн баатар Өвөр Монголд "од" болов
Анд нөхдийн мэдээ
2023-04-26
Монголд бүтээсэн комик номын баатрын нэрээр нэрлэсэн цомын аварга шалгаруулах хүүхдийн ном уншлагын тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болжээ. "“Чихэндэй” цомын төлөө" хэмээх энэ тэмцээнийг Өвөр Монголын Боловсролын хэвлэлийн хорооноос хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. Уншсан номынхоо агуулгыг хос хэлээр ярих, жүжигчилсэн хэлбэрээр үзүүлэх энэ тэмцээнд Өвөр Монголын өнцөг булан бүрээс 100 гаруй хүүхэд оролцсон байна. Дөрөвдүгээр сарын 1-нд эхэлсэн эхний шатнаас өнгөрсөн хугацаанд 14 хүүхэд шалгаруулсан бөгөөд тэдний үзүүлбэрийг мэргэжлийн есөн шүүгч шүүснээр ялагч буюу “Чихэндэй” цомын эзнийг тодруулжээ. Оролцогч хүүхдүүд “Чихэндэй” үлгэрийн зурагт цуврал болон “Хятадын хүүхдийн сонгодог зохиолын 100 жил” хоёр номыг уншиж ур чадвараа сорьсон байна. Уралдаанд Өвөр Монголын хэвлэлийн салбарынхан ихээхэн ач холбогдол өгсөн бөгөөд Боловсролын хэвлэлийн хорооны ерөнхий редактор Цэцгээ нээж үг хэлсэн байна.
Чихэндэй нь Монголын “My Tech” компанийн бүтээсэн үлгэрийн цуврал номын баатар, тэмээний ботго юм. Монголын таван хошуу малын төл, бусад баатруудад тохиолдож буй адал явдал, сайн муугийн хоорондын тэмцлээр дамжуулан уламжлалт монгол ёс заншлыг уншигч хүүхдүүдэд таниулах зорилготой уг цувралыг тус компани бүтээж Өвөр Монголын номын зах зээлд гаргасан нь нэлээд амжилт олсон юм. Улмаар Өвөр Монголын хэвлэлийн хороо өвөр монгол хүүхдүүдэд ихээхэн танил болсон уг цувралын баатрын нэрээр уралдаанаа нэрлэсэн нь энэ ажээ. “My Tech” компани Өвөр Монголд “Чихэндэй” номын 10 цувралыг гаргаад байгаа бөгөөд уншигчдын эрэлт өндөр байгаа тул дараагийн цувралуудыг бүтээн гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.