Нохойныхоо ачаар бөөрний донор олж өвчнөөс аврагдсан гайхамшигт түүх
Анд нөхдийн мэдээ
2023-04-25
Нохойныхоо ачаар өөрт амин чухал байсан эрхтний донор олж чадсан Британийн нэгэн эмэгтэйн гайхамшигт түүхийг ВВС телевиз өнөөдөр онцолжээ. Английн иргэн, 44 настай Люси Хамфри архаг үрэвсэлт чонон хөрвөс өвчинтэй 15 жил тэмцсэний эцэст бөөрний дутагдалтай гэж оношлогдсон байна. Улмаар бөөр шилжүүлэн суулгахгүйгээр удаан амьдрах боломжгүй гэсэн хариу эмнэлгээс сонсов. Ингээд бөөрний донорын эрэлд гарсан ч амжилт олсонгүй. Ингээд өвчин шаналлаа түр ч болтугай мартахын тулд найз залуу Кенид Оуэн болон хоёр добермэн нохойтойгоо дөрвүүл аялалд гарчээ. Тэд нэлээд хол аялахаар төлөвлөсөн ч Л.Хамфригийн бие сайнгүй байсан тул төлөвлөгөөгөө өөрчилж гэрийнхээ ойролцоох далайн эрэгт очив. Очиж тохижсон хойноо хоолоо бэлдэж байтал Инди нэртэй нохой нь нэг тийш давхиж оджээ. Тэгтэл нохой нь түүгээр аялж явсан эмэгтэй дээр очсоноо буцаад ирж. Ирэнгүүт дахиад нөгөө бүсгүй рүү очоод эргэж ирсэн байна. Инди ийм маягаар хэд хэдэн удаа нааш цааш давхисан тул хүмүүсийг айлгахаас болгоомжлон нохойгоо хэдэнтээ дуудаад, ирэхгүй болохоор нь өөрөө очиж нохойгоо аваад нөгөө бүсгүйгээс уучлал гуйжээ. Улмаар Кэти Жэймс нэртэй тэр бүсгүйтэй танилцан оройн хоолонд урьсан байна. Оройн хоолон дээр К.Жэймс Л.Хамфрид хундага дарс хамт уухыг санал болгоход Л.Хамфри бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх ёстойгоо, бас бөөрний донор хайгаад олохгүй байгаа тухайгаа учирлаж, дарснаас татгалзав. Гэтэл К.Жэймс үүнийг дуулаад ихэд гайхаж, саяхан бөөрний донор болохоор бүртгүүлсэн тухайгаа хэлжээ. Үүнийг сонсоод Л.Хамфри маш их баярлаж “Та хэнд бөөрөө өгөх вэ?” гэж асуухад К.Жэймс “Хэн хүснэ, түүнд л өгнө" гэж хариулжээ. Тэд маргааш нь эмнэлэг дээр очиж журмын дагуу хэд хэдэн шинжилгээ хийлгэхэд К.Жэймсийн бөөр Л.Хамфрид яг тохирохоор байсан байна. Ингээд өнгөрсөн оны аравдугаар сард тэд хагалгаанд орж мэс засал амжилттай болжээ. Л.Хамфри "Жэймс бол миний амийг аварсан ачтан" гэсэн бол К.Жэймс “Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн сайхан зүйл. Би өөрөөрөө бахархаж байна" гэжээ. Одоо Люси бүсгүйн бие эрүүл саруул болсон бөгөөд хоёр эмэгтэй үй зайгүй найзууд болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.