III Чарльзийн хаан ширээнд залрах ёслолд хатны өмнөх нөхөр уригдав
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
Их Британийн хатан Камиллагийн экс нөхөр Эндрю Паркер Боулз ирэх сард болох III Чарльзын хаан ширээнд залрах ёслолд уригдсан тухай “Sunday Times” сонин мэдээлэв. Камилла, Паркер Боулз нар 1973 онд гэрлээд 22 жилийн дараа буюу 1995 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Тэд хоёр хүүхэдтэй байсан бөгөөд тэд нараас төрсөн гурван ач, зээ нь мөн ёслолд оролцох аж. Камилла 2005 онд III Чарльзтай гэрлэх үед Паркер Боулз мөн хуриманд нь уригдаж байсан бөгөөд тэрбээр хааны гэр бүлтэй найрсаг сайхан харилцаатай явж ирсэн хүн ажээ. Паркер Боулз бол хааны харуулын албаны офицер байсан, залуудаа III Чарльзтай хамт поло тоглодог дотно сайхан найзууд байснаар үл барам Чарльзийн эгч Энн гүнжтэй хүртэл үерхэж байсан байна. Тэрбээр мөн 1981 онд харуулын албаны дарга байхдаа III Чарльз, Диана гүнж нарын хуриманд сүйх тэрэгний цувааг ахалж явжээ. Камиллагаас гэрлэлтээ цуцлуулсан ч энгийн сайхан харилцаатай найз нөхөд хэвээр байдаг гэнэ. Камиллагийн нэг танилын хэлснээр бол түүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон үед Паркер Боулзтой утсаар ярьж сэтгэлээ хуваалцаж, зөвлөлддөг байна. Хаан ширээнд залрах ёслол энгийн байдлаар болох бөгөөд уригдсан зочдын тоо 2000 орчим байгаа нь 1953 онд хатан хаан II Элизабэтийн үед 8000 зочин ирж байсантай харьцуулахад маш цомхон, даруухан ёслол болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.