Улс орнууд Суданаас иргэдээ татаж байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
АНУ-ын Засгийн газар зэвсэгт мөргөлдөөн болж буй Судан улсаас дипломатууд болон тэдний гэр бүлийнхэн, мөн тэнд суугаа бүх иргэдээ эргүүлэн татсанаа мэдэгдэв. Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэлдээ “Өнөөдөр миний тушаалын дагуу Суданы нийслэл Хартумаас манай иргэдийг татах цэргийн ажиллагаа явагдлаа. Энэхүү ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн цэрэг дайчдад талархал илэрхийлье” гэжээ. Улмаар Этиоп, Саудын Араб зэрэг хөрш орнуудын хамтын ажиллагаанд талархал илэрхийлээд "Бид Суданд суугаа Элчин сайдын яамаа хааж, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо. Гэхдээ Суданы ард түмэн, тэдний хүсч буй ирээдүйн төлөөх бидний амлалт дуусаагүй" гэж онцлон тэмдэглэсэн байна. АНУ тус улсаас нийт 70 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж эх оронд нь авчирсан байна. Суданы арми АНУ зэрэг гадаадын засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр эдгээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд туслалцаа үзүүлжээ. АНУ-аас өмнө Саудын Араб тус улсад оршин суусан 157 иргэнээ буцааж татсан байна. Өмнөд Солонгос, Их Британи, Япон зэрэг улсууд иргэдээ нүүлгэн шилжүүлэхийн тулд Суданы хөрш зэргэлдээх орнууд руу цэргийн нисэх онгоцуудаа илгээхээр бэлэн байдалд оруулжээ. Суданд зэвсэгт мөргөлдөөн ширүүсэхийн хэрээр ихэнх нисэх буудлууд байлдааны талбар болон хувирч, нийслэлээс хуурай замаар гарах аюултай болсон тул гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд амаргүй байна гэж “Bloomberg News” мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.