images

LVMH-ийг хэн өв залгамжлах вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     Дэлхийн хамгийн баян эр, “Louis Vuitton Moët Hennessy” (LVMH) компанийн ТУЗ-ийн дарга 74 настай Бернар Арно LVMH-ийн өв залгамжлалын асуудалтай холбогдуулан таван хүүхдийнхээ дунд "сорилт" явуулж байгаа тухай “Wall Street Journal” сонин мэдээлжээ. “Forbes” сэтгүүлээс саяхан гаргасан Дэлхийн тэрбумтнуудын тайланд дурдсанаар, Б.Арногийн хөрөнгө өнгөрсөн сарын 10-ны байдлаар 211 тэрбум доллар болж, дэлхийд тэргүүлсэн байна. Танилуудынх нь ярьснаар тэрбээр сард нэг удаа таван хүүхдээ LVMH-ийн төв байранд үдийн хоолонд урьдаг гэнэ. Эцэг, хүүхдүүдийн энэхүү уулзалт нь 90 минут орчим үргэлжилдэг бөгөөд хүүхдүүддээ ярианы сэдэв өгөөд тэдний санал бодлыг ээлжлэн сонсож, олон брэнд дотроос шинэчлэл, засвар хийх шаардлагатай зүйл байгаа эсэхийг асууж сорьдог аж. Тэрбээр хүүхдүүдтэйгээ ийм байдлаар сүүлийн арваад жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед групп доторх гол албан тушаалыг хүүхдүүддээ даатгаж, эрх мэдэл өгч ажиллуулж байгаа тухай ойрын эх сурвалж өгүүлсэн байна. Б.Арногийн туслахуудын хэлснээр тэрбээр олон арван жилийн турш өв залгамжлалын асуудлыг нухацтай бодож байгаа ч энэ талаар олон нийтэд огт ярьдаггүй гэнэ. 48 настай том охин Дельфин Арно нь нэгдүгээр сард группын хоёр дахь том брэнд болох “Christian Dior”-ын гүйцэтгэх захирал болсон юм. 30 настай хүү Александр нь тансаг үнэт эдлэлийн “Tiffany & Co” компанийн дэд захирлаар ажилладаг бөгөөд алдартай реппер Жэй Зи, Твиттерийн үүсгэн байгуулагч Жэк Дорси зэрэг хүмүүстэй үй зайгүй нөхөрлөдөг ажээ. Б.Арногийн дотнын хүмүүсийн ярьснаар хоёр өөр эхээс төрсөн таван хүүхэд нь хоорондоо нэг эцэг эхээс төрсөн ах дүү нар шиг элэгсэг дотно байдаг бөгөөд тэндний дунд ямар нэгэн зөрчилдөөн, сөргөлдөөн огт ажиглагддаггүй гэнэ. Түүний туслахаар олон жил ажилласан Толедано тус сонинд ярихдаа "Арно захирал бол бүхнээс илүү прагматик хүн. Түүнийг заавал хүүхдүүдийнх нь нэг залгамжилна гэсэн баталгаа байхгүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.