Хиймэл оюун ухаан ашиглан зохиол бичжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-21
Хүмүүсийн амьдралд хурдтай нэвтэрч буй хиймэл оюун ухаан одоо урлагийн салбарт орж ирж байна. Канадын зохиолч, сэтгүүлч Стивен Марш хиймэл оюун ухааны гурван программ ашиглан "Зохиогчийн үхэл" нэртэй роман бичжээ. Энэхүү бүтээлийг ирэх сард “Pushkin Industries” хэвлэлийн газар аудио болон цахим ном болгон хэвлэхээр болсон байна. Зохиогчийн нэрийг Aidan Marchine гэсэн нь Marche болон machine гэсэн хоёр үгийн товчлол ажээ. С.Марш зохиолын ерөнхий төлөвлөгөө боловсруулж, тодорхой хүсэлтүүдийг оруулсан бөгөөд хиймэл оюун ухаан нь түүний зааврын дагуу зохиолыг дэлгэрүүлэн бичсэн гэнэ. Тэрбээр “Би өөрөө зохиогч мөн боловч доторх өгүүлбэрүүдийг хиймэл оюун бүтээсэн” гэжээ. 2017 оноос хойш хиймэл оюун ухаан ашиглаж, бас хиймэл оюун ухааны талаар бичиж байгаа С.Марш өнгөрөгч нэгдүгээр сард “Pushkin Industries” компанийн захирал Жэйкоб Вайсбергийн хүсэлтээр AI технологийг ашиглан хүн амины хэргийн тухай адал явдалт зохиол бичихээр болсон байна. Тэрбээр ChatGPT-ийг ашиглан ерөнхий төлөвлөгөө гаргасан бөгөөд өгүүлбэрийг уртасгах, богиносгох, харилцан ярианы хэв маяг болгон өөрчилж, мөн Эрнест Хэмингуэйн хэв маягтай төстэй болгохын тулд "Sudolite" нэртэй програм ашигласнаа хэлжээ. Мөн тэрбээр "Coher"-ийн AI програмын тусламжтайгаар тод дүрслэл, зүйрлэл агуулсан өгүүлбэр зохиож чадсан байна. Марш хиймэл оюун ухаан нь зохиолчдод тустай хэрэгсэл болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн ч олон зохиолч, хэвлэн нийтлэгчид машин техник тэдний ажлыг булаах вий гэсэн зовнил байгаагаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.