images

Мьянмарын шүүх Аун Сан Су Чигийн хэргийн зарим хэсгийг дахин хянаж үзэхээр болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-20


     Мьянмарын Дээд шүүх улс төрч Аун Сан Су Чид ял оноосон зарим хэргийг дахин хянан хэлэлцэхээр болжээ. “Associated Press агентлагийн мэдээлснээр Дээд шүүх авлига, сонгуулийн будлиан, төрийн нууц задруулсан зэрэг хэргийг дахин хянан хэлэлцэх хүсэлтийг хүлээн авсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон шүүх хурлаар түүнийг иргэний засгийн газрын үед гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд зориулж нисдэг тэрэг худалдан авч улсын санхүүг хохироосон хэргээр долоон жилийн хорих ял оноосон юм. Харин өнгөрсөн оны есдүгээр сард сонгуулийг луйвардсан, албаны нууцын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр тус бүр гурван жилийн хорих ялаар шийтгэснийг дахин хянан хэлэлцэхээр болсон бөгөөд шүүх хурлыг хаалттай явуулж байв. Одоогоор тов зарлагдаагүй ч шүүх хурал хоёр сарын дотор багтаж болох төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. Цэргийнхэн төрийн эргэлт хийсний дараахан баривчлагдсан Аун Сан Су Чиг шүүх нийтдээ 19 зүйл ангиар буруутгасан юм. 18 сар үргэлжилсэн шүүх хурлын дараа өнгөрсөн оны 12 дугаар сард түүнд 33 жилийн хорих ял оноосон билээ. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.