“Apple” Энэтхэгт хөрөнгө оруулна
Анд нөхдийн мэдээ
2023-04-20
“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моритай уулзаж, тус улсад хөрөнгө оруулахаа дахин нотолсон тухай “Bloomberg” мэдээлэв. Тэрбээр ерөнхий сайдтай уулзахдаа “Apple-ийн Энэтхэгийн талаарх амлалт, хөрөнгө оруулалт цаашид ч үргэлжлэх болно” гэж мэдэгдсэн бөгөөд тус улсын Харилцаа холбооны сайд Ашвини Вайшнаутай уулзаж, нэмэлт ажлын байр амласан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Т.Күүк ерөнхий сайд Н.Модитой хийсэн уулзалтынхаа зургийг Twitter хуудсандаа нийтэлж "Бидэнд найрсаг, зочломтгой хандсанд талархаж байна" гээд "Энэтхэгийн ирээдүйн технологийн боловсрол, үйлдвэрлэл, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаарх таны бодлыг дэмжиж байна" гэсэн байна. Тус компани Энэтхэгийн хамгийн том хот болох Мумбайд анхны офлайн дэлгүүрээ 18-нд нээсэн бол 20-нд Шинэ Дели хотод хоёр дахь дэлгүүрээ нээжээ. Мөн тус улсыг ирээдүйд "Apple"-ийн ашиг орлого, "iPhone" борлуулалтаараа АНУ, Хятадын дараа орох том зах зээл гэж үнэлж байна. Мөн тус компани хамгийн сүүлийн үеийн "iPhone 14" утсыг Энэтхэгт үйлдвэрлэж байгаа бол тэдний хамгийн том ханган нийлүүлэгч Тайванийн “Foxconn” компани Энэтхэгийн өмнөд хэсгийн Бангалор хотод “iPhone”-ы сэлбэгийн үйлдвэр барьж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.