Викториа Нуланд: Монгол улсад 35 жилийн зайтай хийсэн аялал
Анд нөхдийн мэдээ
2023-04-20
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч, Элчин сайд Викториа Нуланд Монгол улсад айлчилж байна. Ирэх тавдугаар сард болох “Их 7”-гийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкэний хамтаар Япон улсад айлчлаад тэндээсээ Улаанбаатарт ирсэн В.Нуландыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр талын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцсон хэмээн хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.
АНУ-ын гадаад харилцааны хоёрдугаар хүн болох В.Нуланд Монголд анх удаа ирж байгаа хэрэг биш. АНУ манай улстай дипломат харилцаа тогтоосныхоо хойтон буюу 1988 онд Улаанбаатарт Элчин сайдын яам нээхэд тэрбээр 27 настай залуухан дипломатч уг ажилд гар бие оролцохоор ирж байжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсад үүд хаалгаа нээсэн АНУ-ын ЭСЯ-ны анхны ажилтнуудын нэг нь В.Нуланд байв. Энэ тухайгаа тэрбээр өнөөдөр Twitter хуудсандаа өгүүлж, 35 жилийн өмнөхийг хоёр гэрэл зургаар үзүүлжээ. Хоорондоо 35 жилийн зайтай энэ түүхийг duuren.life сайт мөн гэрэл зургаар үзүүлж байна.
АНУ-аас Монгол улсад суух анхны Элчин сайд Ричард Уильямс итгэмжлэх жуух бичгээ барьж буй нь. Түүний баруун талд дипломатч Л.Даваагив (хожим нь Монгол улсаас АНУ-д суух Элчин сайд), зүүн гар талд ГХЯ-ны Ёслолын хэлтсийн дарга Б.Нацагдорж. Арын эгнээнд ЭСЯ-ны анхны ажилтнууд Стив Манн, Викториа Нуланд. 1990-1993 онд АНУ-аас Монгол улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Жозэф Лэйкийн хувийн архивт буй гэрэл зураг.
АНУ-ын ЭСЯ-ны ажилтан В.Нуланд Улаанбаатар хотын төв талбайд. Эх сурвалж: twitter.com/UnderSecStateP
Том дарга болоод 35 жилийн дараа Сүхбаатарын талбайд дахин ирэв. Эх сурвалж: twitter.com/UnderSecStateP
Улаанбаатарт ирсэн даруйд нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг түүнийг хүлээн авч уулзжээ. Эх сурвалж: mfa.gov.mn
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхсан нь. Эх сурвалж: mfa.gov.mn
Монгол улсын Үндэсний номын санд зочлов. Эх сурвалж: twitter.com/UnderSecStateP
Монголын иргэний нийгэм, бизнесийн салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй үдийн зоог барив. Эх сурвалж: twitter.com/UnderSecStateP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.