images

76 настай Такэши Китано самүрайн тухай киногоороо Канны наадамд өрсөлдөнө

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-04-19


     Японы алдартай жүжигчин, найруулагч Такэши Китано ирэх тавдугаар сард болох Канны наадамд самүрайн тухай киногоороо өрсөлдөхөөр болжээ. “Kubi” хэмээх энэ киноны гол дүр нь 16 дугаар зууны Японы хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, цэргийн эрхтэн Ода Нобүнага бөгөөд найруулагч киноныхоо талаар ярихдаа “Самүрайн тухай кинонууд хүнийг мандуулахыг голчилсоор ирсэн болохоос биш тэр хүний цаана ямар чөтгөр нуугдаж байдгийг харуулж байсангүй” хэмээн хэлсэн байна. Т.Китано 2019 онд бичиж хэвлүүлсэн номоо кино зохиол болгосноос гадна энэ кинонд мөн өөрөө дүр бүтээжээ. Түүний найруулсан кинонуудад өмнө нь тоглож байсан Хидэтоши Нишижима, Рёо Касэ нарын алдартай жүжчигчид энэ кинонд тоглосон байна. "Тулааны хэсгүүд нь Акира Күросавагийн “Долоон самүрай”, “Кагэмүша” зэрэг киноныхоос дутахгүй" хэмээн продюсер Такэши Нацүногийн хэлснийг Японы хэвлэлүүд эш татжээ.

     Өдгөө 76 настай Т.Китано 1983 онд  алдарт найруулагч Нагиса Оошимагийн “Merry Christmas Mr. Lawrence” кинонд рок дуучин Дэвид Боуи, хөгжмийн зохиолч Рюүичи Сакамототой хамтран тоглосон нь анхны томоохон дүр нь болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 50 гаруй кинонд тоглож, 20 шахам кино найруулан эх орондоо төдийгүй олон улсад нэрд гарсан юм. Тэрбээр 1997 онд “Hana-Bi” киногоороо Венецийн наадмын “Алтан арслан” шагналыг хүртэж байв.    

Гэрэл зураг: japantoday.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.