images

“Time” сэтгүүл нөлөө бүхий 100 хүний нэгээр Украины ерөнхийлөгчийн гэргийг нэрлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-18


     Америкийн “Time” сэтгүүл энэ цаг үеийн "Хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ийг шалгаруулсан энэ оныхоо жагсаалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн эхнэр Олена Зеленскаг нэрлэсэн байна. Өнгөрсөн жил тус сэтгүүл түүний нөхөр В.Зеленскийг шалгаруулж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гэргий Жилл Байден түүнийг санал болгосон бөгөөд “Хатагтай О.Зеленска өөрийгөө Украины ард түмний төлөө тэмцэнэ гэж төсөөлж байгаагүй байх. Гэвч улс орныхоо төлөө шаардлагатай үед бүхнээ зориулж чадна гэдгээ харуулсан" гэжээ. Өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Украины иргэний эрх чөлөөний төвийн тэргүүн Олександра Матвийчук мөн энэхүү жагсаалтад багтжээ. 2007 онд байгуулагдсан тус байгууллага нь хүний ​​эрхийг хамгаалах олон улсын эв санааны нэгдлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Украины энгийн иргэдийн эсрэг Оросын цэргийн гэмт хэргийн нотлох баримтуудыг цуглуулахад гол анхаарлаа хандуулж ирсэн юм. Украины дайныг сурвалжилсныхаа төлөө Орост саатуулагдаад буй “Wall Street Journal”-ийн сэтгүүлч Эван Гершиковичийг мөн тус жагсаалтад багтаасан байна. Мөн түүнээс гадна хүний эрхийн төлөө төрийн эрх мэдлийг эсэргүүцсэн хэд хэдэн идэвхтэн, сэтгүүлчдийг тодруулсан бөгөөд Ираны тэмцэгч Махса Аминигийн хэргийн талаар мэдээлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан сэтгүүлч Нилупар Хамеди, Элахе Мохамманди нарыг нэрлэжээ. Бизнесийн салбараас хиймэл оюуны “ChatGPT” системийг хөгжүүлэгч “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, видео хуваалцах платформ “TikTok”-ын гүйцэтгэх захирал Чу Шоуз нар тус бүр нэрлэгджээ. Үүнээс гадна улс төрийн салбараас АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Японы ерөнхий сайд Фүмио Кишида, Германы канцлер Олаф Шольц, Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула Дашува нар багтсан байна. Тус сэтгүүл 2004 оноос хойш жил бүр дэлхий дахинд сайнаар болон муугаар нөлөөлсөн 100 хувь хүн, байгууллагыг шалгаруулж зарладаг болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.