Арабын есөн орон Сирийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхээр чуулжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-17
Арабын есөн орон Сирийн иргэний дайныг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцжээ. “Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл”(GCC)-ийн зургаан орон болон Египет, Ирак, Йордан зэрэг улсууд Саудын Арабын баруун хэсэгт орших Жидда хотод цугларч, Сирийн иргэний дайны асуудлуудыг хэлэлцсэн байна. Улмаар Саудын Арабын Гадаад хэргийн яам 15-ны өдөр мэдэгдэл хийж, "Энэ бол улс төрийн арга замаар Сирийн хямралыг зохицуулах цорын ганц зөв зам бөгөөд Арабын удирдагчид үүний төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо" гэжээ. GCC нь 1981 онд Арабын Нэгдсэн Эмират, Катар, Кувейт, Оман, Бахрейн зэрэг Арабын зургаан улс хамтран байгуулсан бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Уулзалтын дараа Саудын Арабын Гадаад хэргийн яам "Есөн орны сайд нар Сирийн хямралыг зохицуулах механизмыг бий болгож, Арабын орнууд хоорондын зөвшилцлийг эрчимжүүлэх замаар Сирийн нутаг дэвсгэрт эв нэгдэл, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бий болгох ёстой" гэж онцолжээ. Гэвч тус уулзалтаар Сирийг Арабын холбоонд буцаан оруулах асуудлаар тохиролцоонд хүрээгүй тухай “AP” агентлаг мэдээлэв. Тиймээс ирэх сарын 19-нд Саудын Арабт болох Арабын холбооны дээд хэмжээний уулзалтаар Сирийг тус холбоонд буцаан оруулах асуудлыг шийдвэрлэх төлөвтэй байна. Сири улс 2011 онд иргэний дайн дэгдээснээс болж 22 гишүүнтэй Арабын холбооноос хасагдсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.