images

Тавин настай уулчин эмэгтэй агуйн гүнд 500 хоног байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-17


    Испанийн уулчин эмэгтэй Беатрис Фламини 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Гранадагийн өмнөд хэсэгт орших 70 метрийн гүний агуйд ороод 500 хоногийн дараа гарч ирсэн тухай Британийн “Daily Guardian” сонин мэдээлэв. Тэрбээр харанхуй агуйд 500 хоног ганцаар амьдарсан бөгөөд энэ хугацаанд дуулганы гэрэл, ном, цаас, харандаа, нэхмэлийн утас, зүү гэх мэтийг эс тооцвол соёл иргэншлээс ангид орчинд аж төрсөн ажээ. Тус улсын Гранада болон Мурсиа их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг удирдаж энэхүү туршилтыг хийсэн бөгөөд түүнтэй байнга холбоотой байж, хүний ​​бие, оюун ухаанд ийм тусгаарлагдмал байдал хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Судлаачид Б.Фламинигийн биеийн байдлыг тусгайлан зохион бүтээсэн технологиор байнга шалгаж, хоол хүнс хүргэдэг байсан боловч энэ хугацаанд түүнтэй ямар нэгэн яриа хөөрөө, шууд харьцаа үүсгээгүй ажээ. Онцгой тохиолдолд хэрэглэх "ослын дохио" бэлтгэж өгсөн ч Б.Фламини түүнийг огт хэрэглээгүй байна. Томоохон хэвлэлүүд энэ нь хүн агуйд ганцаараа байсан хамгийн урт хугацаа гэж мэдээлсэн ч Гиннесийн амжилтын ном үүнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр агуйгаас гарч ирснийхээ дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Би өөртэйгөө маш сайн харьцаж байсан. Нэг талаар маш хүнд, нөгөө талаар маш сайхан мөчүүд ч байсан" гэжээ. Улмаар агуйд байх хугацаандаа 60 ном уншиж, тэмдэглэл хөтөлж, зураг зурж, юм нэхэх зэргээр цагийг өнгөрөөсөн тухай ярьсан байна. Мөн 65 дахь өдрөөс хойш цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ойлгохоо больсон бөгөөд агуйгаас гарч ирэхдээ 160-170 хоног орчим болсон байх гэж бодож байснаа хэлжээ. Эцэст нь тэрбээр "Би экстрим спортын тамирчин. Би дахиад 500 хоног ч тэсэж чадахаар байсан" гэсэн байна. Туршилтын төгсгөлд судалгааны багийнхан түүнийг авахаар ирэхэд "Цаг болчихсон уу? Би номоо дуусгаж чадаагүй байгаа юмсан" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.