Харүки Мүраками: "70 гарчихсан хүн одоо хэчнээн л ном бичээ аж"
Анд нөхдийн мэдээ
2023-04-14
Японы алдарт зохиолч Харүки Мүраками зургаан жилийн дараа шинэ роман гаргасан нь өчигдрөөс тус улсын номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэв. Түүний шинэ зохиол "Machi to Sono Futashika na Kabe” буюу “The City and Its Uncertain Walls” нэртэй бөгөөд энэ нь 1980 онд утга зохиолын сэтгүүлд хэвлүүлж байсан богино өгүүллэгтэй нь ижил нэртэй байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм. Номыг өчигдөр шөнийн гурван цагаас худалдаалж эхэлсэн байна. Х.Мүраками уг романаа гурван жилийн турш бичсэн бөгөөд гурван хэсэг, 672 хуудас бүхий зузаан боть болгосон байна. Энэ тухай тэрбээр саяхны нэгэн ярилцлагада “Коронавирусийн улмаас бараг л гадагш гаралгүй, ихэнхдээ гэртээ байсан болохоор өөрийнхөө дотоодыг өнгийн харсан. Дараа нь би энэ түүхийг бичих цаг болсон байх гэж бодсон" гэж ярьжээ. Тэрбээр ямарваа зохиол бичихдээ бичих цаг нь болсныг мэдэрдэг талаараа ийн өгүүлсэн нь цар тахал, газар хөдлөлт, Орос, Украины дайн зэрэг нийгмийн асуудлуудтай ч холбоотой юм. Энэ тухай AP агентлагт өгсөн ярилцлагадаа "Нийгэмд асар их өөрчлөлт гарч байгаа энэ эрин үед ханан дотроо үлдэх үү, эсвэл хананы цаад талд гарах уу гэдэг юу юунаас илүү чухал шийдвэр" гэжээ. Мөн “Би хэдийнэ 70 нас хүрсэн болохоор одоо хэдэн ном бичиж чадах билээ гэж бодсон. Тиймээс энэ номоо хайраар бичсэн” хэмээн ярьсан байна. Тэрбээр бичих эрч хүчийг юунаас авдаг тухай сэтгүүлчийн асуултад "Өглөө бүр гүйдэг" гэсэн бөгөөд “Шөнийн цагаар сууж бичдэггүй маань сайн зүйл байх” хэмээн хариулсан юм. Х.Мүраками нийт 40 марафонд гүйжээ.
“Шинчоша” хэвлэлийн компани түүний шинэ романыг эхний ээлжинд 300 мянган хувь хэвлэсэн бөгөөд цахим хувилбарыг зэрэг гаргасан юм. Одоогийн байдлаар романыг англи хэл рүү орчуулсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.