images

Гадаадад царцаасан Оросын төв банкны хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулахыг шаардав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-13


     Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын дайралтын улмаас учирсан хохирлыг нөхөж, сэргээн босголт хийхэд зарцуулахын тулд гадаадад царцаасан Оросын төв банкны хөрөнгийг хураахыг шаардав. Тэрбээр Вашингтонд болсон Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн Украиныг дэмжих хаврын чуулганд цахимаар оролцож үг хэлэхдээ ийм шаардлага тавьсан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Тус чуулганд Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс, ОУВС-гийн ерөнхийлөгч Кристалина Георгиева, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен болон “Их 7”-гийн сангийн сайд нар, мөн Украины Ерөнхий сайд Денис Шмигаль нар оролцсон байна. Тэрбээр “Гадаадад царцаасан Оросын Төв банкны хөрөнгийг хураах ёстой бөгөөд энэ нь дэлхий дахинд энх тайван тогтоох үйл болох юм” гэжээ. Тэрбээр мөн Украины сэргээн босголтын чухал төслүүдэд нэн даруй шаардлагатай 14 тэрбум долларыг санхүүжүүлэхэд энэ хөрөнгийг зарцуулах ёстойг онцолсон байна. Тус улсын Засгийн газар болон Дэлхийн банк, Европын комиссын өнгөрсөн сард гаргасан хамтарсан үнэлгээгээр Украинд урт хугацааны сэргээн босголт хийхэд хамгийн багадаа 410 тэрбум доллар шаардагдах тооцоо гарчээ. Оросууд Украин руу довтолсны дараа АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд тус улсын гадаад хөрөнгийг царцаасан бөгөөд үүнд төв банкны сан, олигархуудын хөрөнгө нийлээд 600 тэрбум доллар давсан байна. Үүний 300 орчим тэрбум доллар нь Төв банкны мөнгө гэсэн тооцоо гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.