Диснейлэндэд 2995 өдөр дараалан зочилж Гиннесийн амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2023-04-13
АНУ-ын Калифорниа мужийн иргэн, 50 настай Жефф Лиц хэмээх эр Диснейлэндээр хамгийн олон удаа үйлчлүүлсэн дээд амжилтын эзэн болж Гиннесийн номд бүртгэгдэв. Тэрбээр 2012 оноос хойш нэг ч өдөр алгасалгүй 2995 өдөр дараалан тус хүрээлэнгээр үйлчлүүлсэн бөгөөд энэ нь нийт 8 жил, 3 сар, 13 хоног болж байгаа ажээ. Ж.Лиц хэвлэлд ярилцлага өгөхдөө 2012 оны эхээр найзуудтайгаа ярилцаж байх зуур Диснейлэндээр аялах санаа төрснөө хэлээд "Хүнээс бэлгэнд авсан нэг жилийн эрхтэй тасалбараараа анх орсон" гэжээ. Тэр цагаас хойш өдөр бүр очих болсон бөгөөд энэ тухай сонин сайхнаа хүмүүстэй хуваалцахын тулд Instagram хаяг нээж, тухай бүрд нь мэдээлэл оруулж байсан аж. Одоогийн байдлаар түүний Instagram хуудсанд 9997 нийтлэл ороод байгаа бол дагагчдынх нь тоо 30 мянга гарчээ. Энэ олон жилийн туршид тус газраар үйлчлүүлэхдээ ихэнхдээ ганцаараа явдаг байсан тул сүүлдээ тэндхийн ажилчидтэй найз нөхөд болсон байна. Улмаар түүний тухай хэвлэлд гарч, гудамжинд тааралдсан хүмүүс хамт зургаа авахуулах зэргээр олны танил болж эхэлжээ. Түүнийг 366 дахь удаагаа очиход тус байгууллага хүндэт иргэний үнэмлэх гардуулж бэлэг дурсгал гардуулан оройн зоогт урьсан байна. Мөн 2017 онд 2000 дахь удаагаа очиход нь мөн хүлээн авч бэлэг өгчээ. Тэрбээр энэ жил Диснейн 100 жилийн ойн ёслолд оролцохоор төлөвлөж байгаа тухайгаа хэлжээ. Эцэст нь тэрбээр "Энэ нь надад эерэг сэтгэлгээтэй байхад тусалсан. Би олон сайхан хүмүүстэй танилцаж нөхөрлөсөн бөгөөд тэднээс маш их зүйл сурсан” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.