images

Японы хүн ам 124.9 сая болж буурчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-13


     Япон улсын хүн ам 2022 онд 124.95 сая болж буурсан тухай тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас өчигдөр мэдээллээ. Энэ нь тус улсын хүн ам 12 жил дараалан буурсан буюу огт нэмэгдээгүй гэсэн үг юм. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд Японд амьдардаг гадаадын оршин суугчдыг оруулан тооцоход нийт хүн ам нь 556 мянгаар буюу өмнөх оныхоос 0.44 хувиар буурсан байжээ. Харин тус улсын үндсэн иргэд 122 саяд хүрэхэд ойрхон байсан ч 750 мянгаар буурсан байна. Үүний учрыг Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно төрөлт буурсантай холбон тайлбарлаж, энэ асуудлыг "хамгийн түрүүнд шийдвэрлэх болно" гэжээ. Тус улсад 15-аас доош насны 14.5 сая иргэн байгаа нь хүн амын хамгийн бага буюу 11.6 хувийг эзэлж байгаа бол 65 болон түүнээс дээш насныхан 36.23 сая орчим болж нэмэгдсэнээр нийт хүн амын 29 хувийг эзэлж байгаа юм. Харин хүйсээр нь авч үзвэл хүн амынх нь 48.6 хувийг эрэгтэйчүүд, 51.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нөгөөтээгүүр эрчүүдийн тоо тасралтгүй 15 дахь жилдээ, эмэгтэйчүүдийнх 12 дахь жилдээ буурчээ. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа 94.7 хувь байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3.4 саяар илүү байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.