Гадаадад цагаачилсан Хонконгийн сэтгүүлчид буцаж очихгүй
Анд нөхдийн мэдээ
2023-04-13
2020 онд Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа тус улсаас цагаачилж гарсан сэтгүүлчдийн 80 гаруй хувь нь Хонконгоос гарсандаа харамсдаггүй гэсэн судалгаа гарчээ. Тэдгээр сэтгүүлчдийн дийлэнх нь буцаж очих бодолгүй байгаагаа мөн мэдэгдсэн байна. “Hong Kong Free Press” агентлагийн мэдээлснээр Хилийн чанад дахь Хонконгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын холбоо гадаадад цагаачилж гарсан 90 сэтгүүлчийн дунд явуулсан санал асуулгын дүнг нийтэлжээ. Судалгаанд хамрагдсан 90 хүнээс 72 нь Хонконгт буцах бодолгүй, 81 нь цагаачлан гарсандаа харамсдаггүй гэж хариулсан байна. Гадаадад гарсан эдгээр сэтгүүлчдийн гуравны нэг нь л сэтгүүл зүйн салбарт ажиллах оролдлого хийж байгаа бөгөөд гуравны хоёр нь юүтюбер, бариста, авто засварчин, цэцэгчин гэх мэт ажил хийж байгаа аж. Тэд гадаадад мэргэжлээрээ ажиллахад хэлний бэрхшээл хамгийн том саад болж байгаа тухай ярьжээ. Гэсэн хэдий ч BBC, “Америкийн дуу хоолой”, “Чөлөөт Ази” зэрэг хэвлэлүүд Хонконгт төрсөн, сайн хятад хэлний боловсрол сайтай сэтгүүлчдийг ажилд авч байгаа тул тэдэнд боломж байгаа тухай дээрх холбоо мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.