images

Куба улс долларын хадгаламжийн хоригоо цуцаллаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-12


     Кубын Засгийн газар америк доллар хадгалахыг хориглосон хоригоо цуцалсан талаар AFP агентлаг өнөөдөр мэдээлэв. Мэдээнд дурдсанаар, тус улс хоёр жилийн өмнө долларын хадгаламжид тавьсан хоригоо цуцалж “Цаашид банк зэрэг санхүүгийн байгууллагууд хадгаламжийн дансандаа америк доллар байршуулж болно” хэмээн мэдэгджээ. 2021 онд АНУ тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээний хариуд Гавана долларын хадгаламжид хориг тавиад байсан юм. Кубын Засгийн газар санхүүгийн бодлогодоо өөрчлөлт оруулсан нь тус улсад сүүлийн 30 жилд тохиолдсон хамгийн хүнд эдийн засгийн хямралын үеэр тохиож байна. Цар тахлын улмаас уналтад ороод байсан аялал жуулчлалын салбар сүүлийн үед сэргэж байгаа нь тус улс эдийн засгийн бодлогодоо өөрчлөлт оруулсны үр дүн гэж шинжээчид тайлбарлажээ. Цэнгэг агаар, үзэсгэлэнт байгальтай тус улс дэлхий дахины жуулчдын очих дуртай газруудын нэг юм. 2020 онд цар тахал дэгдэхээс өмнө Кубад жилд 4 сая гаруй жуулчин ирдэг байжээ. Гэтэл цар тахал дэгдсэний дараа буюу 2021 онд тус улсад ирсэн жуулсны тоо ердөө 570 мянга болтлоо буурч, эдийн засгийн хүндрэлийг улам даамжруулсан юм. 2014 оны арванхоёрдугаар сард буюу Барак Обамагийн үед АНУ Куба улстай дайсагналцдагаа зогсоож, дипломат харилцаагаа хэвийн болгосноо зарлаад зогсохгүй тус улсыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтаас хассан юм. Гэвч удалгүй гарч ирсэн Дональд Трампын засаг захиргаа 2021 оны нэгдүгээр сард тус улсыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтад дахин оруулсан ажээ. Тухайн үед нэлээд хурцадсан хоёр улсын харилцааг сайжруулах оролдлого ерөнхийлөгч Жо Байдены үед сэргэж байна. Эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэсэн Кубын Засгийн газар ч АНУ-тай харилцаагаа сайжруулах хүсэл зоригоо илэрхийлж байгаа бөгөөд долларын хадгаламжийн хоригийг цуцалсан нь ч үүний нэг илрэл юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.