В.Кара-Мурза: Оросыг бүрхсэн манан арилах өдөр ирнэ
Анд нөхдийн мэдээ
2023-04-11
Украинд хийж буй түрэмгийллийг шүүмжилснийхээ төлөө хоригдоод буй Оросын тэрс үзэлтэн Владимир Кара-Мурза Москва хотноо болсон шүүх хуралдааны үеэр өөрийн үйл ажиллагаагаараа бахархаж буйгаа илэрхийлсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Тэрбээр "Би улс төрийн үзэл бодлоосоо болж шоронд хоригдсон. Би Украины дайны эсрэг дуугарч, Путины дарангуйллыг олон жил эсэргүүцэж, хүний эрхийг зөрчигчдөд олон улсын хориг арга хэмжээ авахыг уриалж байна" гэжээ. Улмаар "Оросыг бүрхсэн манан арилах өдөр ирнэ гэдэгт найдаж байна" гэснийг Баруун хэвлэлүүд эш татжээ. Гэвч дөрөвдүгээр сарын 6-нд болсон шүүх хурлаар прокурорууд В.Кара-Мурзад эх орноосоо урвасан, Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан, гадаадын төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан гэх үндэслэлээр 25 жилийн хорих ял төлөвлөжээ. Шүүх хурал энэ сарын 17-нд үргэлжлэхээр товлогдсон юм. В.Кара-Мурза өнгөрсөн оны дөрөвдүгээр сард цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй хэргээр Москва дахь гэрээсээ баривчлагдаж байв. Анх түүнийг энгийн захиргааны хэргээр буруутгаж байсан ч сүүлдээ эх орноосоо урвасан, цэргийн талаар худал мэдээлэл тараасан зэрэг хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.