Нисэж явсан онгоц дотроос наж могой гарч иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-07
ӨАБНУ-д хөнгөн онгоцны нисгэгч Рудольф Эразмус Кэйптаун хотоос хөөрч, зүүн хойд зүгт орших Мпумалага мужийн Мболбела хотыг зорьж явжээ. Ердөө дөрвөн зорчигчтой онгоц жолоодож явсан түүний нуруугаар нь хүйтэн зүйл гулсахыг мэдрээд эргэж хартал кобра буюу наж могой гулсан бууж суудал доогуур нь орж явсан байна. Шар наж хэмээх энэ могой бол Африкийн кобра могойн хамгийн аюултай зүйлийн нэг бөгөөд хүн хазсан тохиолдолд даруй арга хэмжээ авахгүй бол үхэлд хүргэдэг ажээ. Нисгэгч ихэд цочсон ч өөрийгөө тайвшруулаад, зорчигчдод хандан онгоцны бүхээгт могой байгаа тул даруй буух шаардлагатай болсныг хэлсэн байна. Улмаар хамгийн ойр байсан Вэлком хотод аюулгүй газардаж, дөрвөн зорчигчийн хамт онгоцноос буужээ. Нисэх зурваст хүлээж байсан гал сөнөөгчид болон могой сургагч нар онгоцонд нэгжлэг хийсэн хэдий ч могой олдсонгүй. Улмаар уг могойг гурван хоног хайгаад олоогүй аж. Могой Вэлкомд газардах үед онгоцноос буусан, эсвэл онгоцны дотор хаа нэгтээ нуугдаж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж “Associated Press” агентлаг мэдээлэв. Тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газар нисгэгчийг осолтой үед аюулгүй буусныг үнэлэн сайшаажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.