АНУ-ын нэгэн эмч огт танихгүй өвчтөн эмэгтэйд бөөрний донор болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-07
АНУ-ын Чикаго хотын “Northwestern Medicine” эмнэлгийн дэд профессор, бөөрний эмч Александра Гмурчик өөрийн бөөрөө Жинжэр хэмээх танихгүй эмэгтэйд хандивлажээ. Тэрбээр бөөр шилжүүлэн суулгах мэс засал тийм ч хүнд биш гэдгийг өөрөөрөө жишээлэн харуулж, бөөрний доноруудыг олон болгохын төлөө ийм шийдвэр гаргасан байна. Ингэхдээ А.Гмурчик Жинжэрт, Жинжэрийн нөхөр Гари “Northwestern Medicine” эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөнд бөөрөө өгсөн бөгөөд үүнийг хосолсон бөөрний донор гэдэг ажээ. Энэ тухай эмч А.Гмурчик “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Би ганцхан хүнд бөөрөө хандивлахыг хүсээгүй. Тиймээс хосолсон бөөрний донор болохоор шийдсэн” гэжээ. Учир нь, АНУ-д 90 мянган өвчтөн бөөрний донорын хүлээлгийн жагсаалтад байгаа юм. Мөн тэрбээр бөөр шилжүүлэн суулгах хагалгааны дараа бие нь хэр байсан тухайд “Би хагалгааны дараагийн өдөр гэхэд л нохойгоо салхилуулах чадалтай байснаас гадна өөртөө хэрэгтэй бүхнийг өөрөө хийж чадаж байсан” гэжээ. Улмаар хоёр долоо хоногийн дараа ажилдаа ороход ямар ч төвөггүй байсан тухайгаа хуваалцаж, бусдад бөөрөө хандивлаж мэс засалд орох нь тийм ч аюултай зүйл биш гэдгийг хүмүүст ойлгуулах, энэ талын боловсрол олгох зорилгоо биелүүлж чадсан байна. Харин бөөр шилжүүлэн авсан Жинжэрийн хувьд хоёр жилийн өмнөөс бөөрний дутагдал өвчинтэй тэмцсэн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.