images

Э.Макрон Хятадад өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


     БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар өчигдөр Бээжинд дээд хэмжээний уулзалт хийлээ. АНУ-Хятадын сөргөлдөөн хурцдаж байгаа энэ нөхцөлд Э.Макрон уламжлалт “тэнцвэржүүлэгч”-ийн үүрэг гүйцэтгэхээр хичээж байна гэж зарим хэвлэл онцолж байна. Ши Жиньпин хэлэхдээ "Хэдийгээр сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын байдал ээдрээтэй байсан ч хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Хятад, Францын харилцаа тогтвортой хөгжсөн” гэжээ. Энэ удаагийн айлчлалаар Э.Макрон “Airbus”, “Alstom”, “LVMH”, “EDF” зэрэг дотоодын томоохон компаниудын 60 орчим төлөөлөл, хуучин болон одоогийн төрийн өндөр албан тушаалтнууд, урлаг соёлынхон гэсэн томоохон бүрэлдэхүүнтэй яваа аж. Франц дахь Хятадыг дэмжигч фракцын төлөөлөл болох Ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарин мөн бүрэлдэхүүнд багтжээ. Э.Макроны Хятадад хийх айлчлалын үеэр онгоц үйлдвэрлэгч "Airbus" компани Хятадын талтай борлуулалтын томоохон гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Хонконгийн “South China Morning Post” сонинд мэдээлснээр, Макрон Бээжинд Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийж, албан ёсны оройн зоог барьсан бөгөөд өнөөдөр Гуанжоу хотод зочлох ажээ. Ши Жиньпин Э.Макронтой нийслэл Бээжинд биш Гуанжоу хотод дахин уулзаж буй нь өөр агуулгатай болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Хятадын экспортын гол бааз болох Гуандун мужийг "Шинэчлэлийн өлгий нутаг" гэж нэрлэдэг бөгөөд тус улсын Францтай хийж буй худалдааны 20 орчим хувийг бүрдүүлдэг ажээ. Энд гадаадын удирдагчидтай уулзаж байгаа нь Хятад улс Европт үүд хаалгаа нээхэд бэлэн байна гэсэн дохио өгч байгаа хэрэг хэмээн хэвлэлүүд тайлбарлаж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.