images

Билл Клинтон: Украиныг цөмийн зэвсгээсээ татгалзахыг ятгасандаа харамсаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


     АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 1990-ээд онд засгийн эрх барьж байхдаа Украиныг цөмийн зэвсгээсээ татгалзахыг ятгасандаа харамсаж байгаагаа илэрхийлжээ. 1993-2001 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр саяхан Ирландын “RTE” агентлагт өгсөн ярилцлагадаа "Би Украиныг цөмийн зэвсгээс татгалзахыг ятгасандаа одоо өөрөөсөө хариуцлага нэхэж байна. Хэрвээ Украин цөмийн зэвсэгтэй хэвээр байсан бол Орос ийм алхам хийхгүй байсан" гэжээ. Ерөнхийлөгч асан Б.Клинтон, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин, Украины Ерөнхийлөгч асан Леонид Кравчук нартай хамт Будапештийн харилцан ойлголцлын санамж бичиг буюу Украины цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагааг удирдан явуулж байсан юм. Тус санамж бичигт хуучин ЗХУ-аас тусгаар тогтносон Украин, Казахстан, Беларусь улсууд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж, цөмийн зэвсгээс татгалзсаны хариуд тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын баталгааг тусгасан ажээ. Тухайн үед цөмийн гурван том гүрэн болох Орос, АНУ, Их Британи гэрээнд гарын үсэг зурж, Франц, Хятад хоёр ч тодорхой баталгаа амласан байна. ЗХУ-аас салж тусгаар тогтнох үедээ Украин улс 1656 цөмийн цэнэгт хошуу, 176 тив алгасагч баллистик пуужин, 40 стратегийн цөмийн бөмбөгдөгч онгоцтой, дэлхийн том цөмийн гүрэн байжээ. Б.Клинтон Оросын түрэмгийллийн эсрэг Украинд үзүүлэх Барууны дэмжлэг хүчтэй хэвээр байх ёстой хэмээн онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.