images

Хавайн аралд жуулчдаас хураамж авдаг болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-06


     Байгалийн үзэсгэлэнт газар, зөөлөн уур амьсгалаараа дэлхийн диваажин гэгддэг АНУ-ын Хавай аралд нэвтрэх жуулчдаас хураамж авдаг болох хуулийн төсөл яригдаж байна. Тус нутгийн байгаль орчин жил бүр олноор нэмэгдэж буй жуулчдын хөлөөр сүйдэж байгаа бөгөөд үүнийг нөхөн сэргээхэд тус мөнгийг зарцуулах ёстой хэмээн үзэж байгаа аж. Хэлэлцэж буй хуулийн төсөлд тус нутагт оршин суудаггүй, 15-аас дээш насны гадны иргэд ой мод, цэцэрлэгт хүрээлэн, зам харгуй, байгалийн бусад газруудаар аялах тохиолдолд нэг жилийн хүчинтэй аяллын зөвшөөрөл авах шаардлагатай болох ажээ. Одоогийн байдлаар Хавайн зарим алдартай газрыг эс тооцвол ихэнх цэцэрлэгт хүрээлэн, замууд хураамж авдаггүй юм. Өмнө нь мужийн сенат жуулчны зөвшөөрлийн хураамжийг 50 доллар байхаар тогтоосон хуулийн төслийг баталсан. Төлөөлөгчдийн танхим одоо болох санал хураалтаар уг хураамжийн хэмжээг нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна. Жуулчдын төлсөн төлбөрийг Хавайн байгаль орчныг хамгаалахад, тухайлбал шүрэн хадыг хамгаалах, ойн хортон шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тус нутгийн алдартай далайн гахай, яст мэлхийг хамгаалах зэрэгт зарцуулахаар хэлэлцэж байгаа тухай “Associated Press” агентлаг өнөөдөр мэдээллээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.