images

Саудын Араб, Ираны Гадаад хэргийн сайд нар Бээжинд уулзана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-06


     Дипломат харилцаагаа хэвийн болгож эхэлсэн Саудын Араб, Иран улсын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Бээжинд уулзаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана хэмээн "Ашарак аль-Аусат" сонин мэдээлэв. Энэ уулзалтаас өмнө хоёр улсын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн сараас хойш гурван удаа утсаар ярьж, уулзалт болох газар, хуваарийг тохирсон байна. Уулзалт уламжлал ёсоор эвлэрэл, энх тайвныг бэлгэддэг лалын шашны ариун мацаг барих Рамадан сард болж байна. 2016 онд шашны сөргөлдөөнөөс болж дипломат харилцаагаа тасалсан тус хоёр орон өнгөрсөн сарын 10-нд буюу долоон жилийн дараа БНХАУ-ын зуучлалаар дипломат харилцаагаа хэвийн болгохоор тохиролцсон юм. Харилцаагаа сэргээх ажлыг түргэтгэж буй хоёр улс мөн удахгүй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж. Ираны ерөнхийлөгч Сейед Эбрахим Раши Саудын Арабын хаан Салман бин Абдулазизын урилгыг хүлээн авч, ойрын хугацаанд тус улсад төрийн айлчлал хийнэ гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ. Тус хоёр улсын өнөөдрийн уулзалтыг Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв комиссын Тамгын газрын дарга Ван И зохион байгуулж байгааг хэвлэлүүд онцолсон байна. Хятадын төв хэвлэлд албаны хүн мэдээлснээр "Хоёр орны харилцаа хэвийн болох хүртэл Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно" гэжээ. Сөргөлдөөн үргэлжилсээр байсан Ойрхи Дорнодын орнуудын хооронд сүүлийн үед эвлэрлийн уур амьсгал бий болж байна. Иран улс мөн Арабын Нэгдсэн Эмират зэрэг сүннит шашинт Ойрхи Дорнодын бусад орнуудтай дипломат харилцаагаа сэргээхийг оролдож байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.