Таван настай охин хэдэн мянган долларын онлайн худалдан авалт хийж бөөн хэрэг мандаажээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-06
АНУ-д таван настай охин ээжийнхээ гар утсыг ашиглан “Amazon” онлайн дэлгүүрээс хэдэн мянган долларын бараа захиалжээ. Үүнийг мэдсэн ээж нь тус компанид тайлбар гаргаж, мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан бөгөөд “Amazon”-ы журмын дагуу боломжгүй байсан ч барааг буцааж мөнгийг нь олгосон байна. CNN-ийн мэдээлснээр, Массачусетс мужийн Вэстпорт хотод амьдардаг Жессика Нуньэс бүсгүй машинтай явж байхад таван настай охин нь тоглоом тоглоно гээд ээжийнхээ утсыг авчээ. Маргааш өглөө нь түүнд “Баяр хүргэе. Захиалсан барааг тань даруй хүргэж өгнө” гэсэн мессэж ирсэн байна. Тэрбээр даруй захиалгын жагсаалтаа шалгаж үзтэл түүний зээлийн картаар нийт 3800 долларын бараа захиалсан байлаа. Хэргийн эзэн нь түүний охин Лила байж. Лила охин хүүхдийн мотоцикль 10 ширхэг, хоёр хүний суудалтай хүүхдийн тоглоомын машин хоёр ширхэг, бас дээр нь хүүхдийн 10 хос гутал захиалсан байжээ. Энэ талаар Лила "Би зүгээр л тэдгээрийг авмаар санагдаад утасны товчлуур дарсан юм” гэжээ. Жессика тэр даруй тус компанийн хэрэглэгчийн төв рүү холбогдож болсон явдлыг тайлбарлажээ. Гэтэл таван мотоцикль, таван хос гутлыг буцааж болох ч бусад бараа нь хүргэлтийн үйлчилгээнд гарсан тул буцаах боломжгүй болсон байв. Гэвч “Amazon” энэ хөгжилтэй явдлыг бүрэн дүүрэн ойлгож бүх барааны худалдааг цуцалж мөнгийг нь буцаан олгохоор болсон байна. Хүүхдийн спорт машин бүр гэрт нь хүргэлтээр ирсэн байсан ч түүнийг буцаан татжээ. Энэ явдлын дараа Жессика охиноо ийм хэрэг тарьсны төлөө загнах биш мөнгө, эдийн засаг, худалдааны талаар тайлбарлаж боломжийн сайн ойлголт өгснөө ярьсан байна. Тэрбээр "Энэ явдал надад охинтойгоо мөнгөний талаар ярилцаж, мөнгөний үнэ цэнийн талаар зааж өгөх боломжийг олгосон. Лила тоглоом худалдаж авахын тулд мөнгө олох, мөнгө олохын тулд аяга таваг угаах гэх мэт гэрийн ажил хийхээр болсон” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.