images

Австралийн дээд комиссар шоронд буй Жулиан Ассанжтай уулзжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-05


     Их Британи дахь Австралийн дээд комиссар Стивен Смит өчигдөр Английн Лондон дахь Белмарш шоронд очин, тэнд хоригдож буй Жулиан Ассанжтай уулзсан байна. Дээд комиссар нь Хамтын нөхөрлөлийн орнуудын хооронд элчин сайдаар ажилладаг дипломат төлөөлөгч бөгөөд бусад орны дипломат элчин сайд нартай адил зиндаанд байдаг ажээ. С.Смит Ж.Ассанжтай уулзахаасаа өмнө “ABC”-д өгсөн ярилцлагадаа “Ассанжийн хэрэг хэтэрхий сунжирч байгаа тул Австралийн засгийн газар тус хэргийг яаралтай шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулж байна” гэжээ. Үүний зэрэгцээ Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) Ж.Ассанжаас ярилцлага авах хүсэлт гаргасан ч Белмарш шорон татгалзсан гэж мэдэгдэв. Ж.Ассанж 2010 оноос хойш Ирак, Афганистаны дайны талаарх мэдээлэл, Төрийн департаментын нууцын зэрэглэлтэй дипломат баримт бичгүүдийг “WikiLeaks” сайтад дэлгэсэн нь шуугиан дэгдээсэн юм. АНУ-д эрэн сурвалжлагдаж байсан тэрбээр 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаад 2019 онд Английн цагдаад баригдан хоригдсон билээ. АНУ-ын Хууль зүйн яам Ж.Ассанжийг 2019 онд тагнуулын тухай хуулийг зөрчсөн гэх зэрэг 18 хэрэгт буруутган түүнийг Их Британиас шилжүүлэн авах хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.