Хятадад роботоор цайны навч түүлгэж байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-05
Нарны зай хураагч хавтан дээвэртэй, 550 килограмм жинтэй, цайны навч түүгч робот Хятадын Жэжян мужийн лонжин хэмээх цайгаараа алдартай Ханжоугийн ургацын талбайд ажиллаж байна. Лонжин цайг ногоон цайны нэгэн төрөл “West Lake Dragon Well” гэдгээр нь дэлхий дахинд мэддэг. Энэ нь Хятадын хамгийн алдартай арван цайны нэг бөгөөд ногоон өнгө, үзэмжтэй хэлбэр, зөөлөн амтаараа ялгардаг юм. Иймд тус роботыг зохион бүтээгч, Жэжян шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн профессор Жя Жянмин “Нэг нахианаас 1-2 навч ургасан байвал сайн цайнд тооцогддог. Ерөнхийдөө хаврын эхэн үеийн ургац хураалтын үед лонжин цайны навч хоёр сантиметр урттай, иш нь 3-4 миллиметр байдаг. Ийм навчийг гараар түүхэд тохиромжтой тул машин техник ашиглахад хэцүү” гэжээ. Гэвч лонжин цайны навч түүгчдийн ихэнх нь 60-аас дээш насныхан бөгөөд цөөн тооны 50-аас дээш насны ажилтан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, цайны навч түүх ажил хийх залуус бараг байхгүй учраас цаашид хүн хүчгүй болохоос сэргийлж 2019 оны эхээр робот бүтээх ажлыг эхлүүлсэн байна. Одоо тус ургацын талбайд навч түүж буй робот тавдугаар үеийн сайжруулсан загвар ажээ. Цайны навчийг зөв түүхийн тулд зөв тайрч сагсандаа хийх ёстой тул тухайн роботод олон төрлийн хэлбэртэй цайны навчны өгөгдлийг сануулсан бөгөөд роботын таних чадвар 86 хувь болж сайжирчээ. Энэ роботны гуравдугаар үеийн загвар нь цайны навчийг хэлбэрээр нь 40-60 хувьтай таньдаг байсан гэнэ. Мөн сүүлийн үеийн робот нь нэг навчийг 1.5 секундэд түүдэг болж хурд нь өссөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.