images

Америк, Канадын дөрвөн нисгэгч сарны тойрог замд гарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-05


     НАСА болон Канадын CSA Сансар судлалын агентлаг Жонсон сансрын төвийн Эллингтоны талбайд хэвлэлийн бага хурал хийж "2024 оны 11 дүгээр сард "Артемис 2" хөлгөөр сарны тойрог замд гарах дөрвөн нисгэгчийг танилцуулав. Энэ удаагийн нислэг нь 1972 онд ниссэн "Аполло 17" хөлгөөс хойш хагас зуун жилд анх удаа сансрын нисгэгч сарны тойрог замд гарч буй тохиолдол болж байгаа ажээ. Багийн бүрэлдэхүүн нь хөлгийн ахлагч, нисгэгч, шинжлэх ухааны хоёр мэргэжилтэнээс бүрдсэн байна. Хөлгийн ахлагч Рид Вайсман нь 2009 онд НАСА-гийн сансрын нисгэгчээр сонгогдож, 2014 оноос Олон улсын сансрын станцад нислэгийн инженерээр ажиллаж иржээ. 2020 оноос тэрбээр НАСА-гийн сансрын нисгэгчдийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Нисгэгч Жереми Хансен нь Канадын армийн сөнөөгч онгоцны нисгэгч байсан бөгөөд НАСА-гийн сансрын нисгэгчийн зааварлагчаар ажилласан анхны канад хүн юм. Шинжлэх ухааны мэргэжилтэн Кристина Кох сарыг тойрон нисэх анхны эмэгтэй болж байна. К.Кох 2019 оны гуравдугаар сараас хойш Олон улсын сансар судлалын станцад нислэгийн инженерээр нийт 328 хоног ажилласан бөгөөд үүгээрээ эмэгтэй хүн сансарт хамгийн удаан байсан амжилтыг тогтоосон юм. Энэ үедээ тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж байжээ. Шинжлэх ухааны мэргэжилтэн, нисгэгч Виктор Гловер сарыг тойрох анхны хар арьст хүн болж байна. Тэрбээр 2020 онд SpaceX хувийн сансрын компанийн "Crew Dragon" хөлгөөр ОУСС-д ирж 168 хоног ажиллан шинжлэх ухааны судалгаа хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.