Өөд болсон аавдаа мэссэж бичтэл хариу иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-03
Хонгконгийн “South China Morning Post” сонины өчигдрийн нэгэн мэдээ хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, 130 гаруй сая хүний хандалт авчээ. БНХАУ-ын Шаньси мужийн Сиань хотын нэгэн их сургуулийн мастерт суралцаж байсан “А” гэх залуу шалгалтандаа унаж сэтгэлээр ихэд гутарсан байна. Тэрээр байж ядахдаа гурван жилийн өмнө өөд болсон аавынхаа ашигладаг байсан гар утасны дугаар руу мэссэж бичжээ. “Аав аа, би шалгалтандаа тэнцэж чадсангүй, намайг уучлаарай. Би дахин сайн бэлдээд дараа жил заавал тэнцэх болно оо. Та миний занг сайн мэднэ шүү дээ. Би таныгаа маш их санаж байна. Зүүдэнд минь ирээрэй, аав аа" гэсэн үгтэй мэссэж илгээгээд сэтгэл нь жаахан тайвширчээ. Гэтэл хэдэн цагийн дараа хариу ирж түүнийг гайхшруулж, бас ихэд баярлуулав. “Санаа зоволтгүй ээ, хүү минь. Хүн байнга амжилтанд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Миний хүү бүтэлгүйтлээсээ сургамж аван улам өсөн дэвшсээр хамгийн шилдэг нь болох болно. Хүчтэй байж, урагш тэмүүл. Миний хүү бол хамгийн шилдэг нь гэдэгт аав нь итгэдэг. Аав нь бас ч хүүгээ маш их санаж байна” гэсэн хариу ирсэн байна. Энэхүү мэссэжийг илгээсэн хүн бол уг дугаарыг эзэмшиж байсан Гао овог гэгч эр байлаа. Тэрбээр анх мэссэж хүлээж аваад хэн нэгэн дугаар андуурсан байх гэж боджээ. Гэвч удалгүй мэссэж илгээсэн залуугийн аав аль хэдийн хорвоог орхисон болохыг олж мэджээ. Улмаар нэлээд бодсоны эцэст залуу хүүд сэтгэлийн дэм хайрлахаар аав нь болж хариу бичсэн нь тэр байлаа. Гао овогт “SCMP”-ийн сурвалжлагчид хэлэхдээ “Тэр залуу хүүгийн амьдрал сайнгүй, бас түүнд сэтгэлийн дэм, урам зориг хэрэгтэй байх гэж бодсон юм” гэжээ. Үүнд ихэд баярласан оюутан залуу “Та манай аавын хуучин дугаарыг эзэмшдэг хүн байх. Гэхдээ хэн ч байсан танд маш их баярлалаа” гэсэн хариу илгээжээ. Энэ тухайгаа тэрбээр “Аав”-аасаа ирсэн мэссэжийг хараад шууд л нулимс мэлтрээд ирсэн. Дахиж аавыгаа ийм зүйлээр зовоохгүй” гээд Гао овогтод машид талархснаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.