images

Турк, Азербайжаны ерөнхийлөгчид “Togg” цахилгаан автомашинтай болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-03


     Турк улсын дотооддоо анх удаа үйлдвэрлэсэн “Togg” цахилгаан автомашины эхний эзэд Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган, Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар боллоо. Учир нь уг автомашиныг урьдчилан захиалсан хэрэглэгчдийн хүргэлтийг дөрөвдүгээр сард эхлүүлж буй бөгөөд анхны захиалгыг хийсэн Р.Эрдоганы машиныг өнөөдөр хүлээлгэж өгөх юм. Мөн энэ автомашины эрэлт Туркт өндөр байгаа бөгөөд 21 өдрийн дотор 177400 захиалга авчээ. Улмаар үйлдвэрлэгчид дөрөвдүгээр сард 12 мянган автомашин хүргэх зорилтоо 20 мянга болгон нэмэгдүүлсэн байна. “Togg” цахилгаан автомашины эхний загвар нь “T10X” бөгөөд хоёр батарей, нэг хөдөлгүүрийн сонголттой. Тухайлбал, 52.4 болон 88.5 киловаттын чадалтай батарейтай бөгөөд батарейний хэмжээнээс хамаараад 314 эсвэл 523 километр зам туулах боломжтой ажээ. Харин үнэ нь 953 мянгаас 1.2 сая лира хүртэл байна. Батарей нь 28 минутын дотор 20-80 хувь хүртэл цэнэглэгдэх ба энэ автомашин 7.6 секундэд 100 километр хурдлах хүчин чадалтай ажээ. Одоогийн байдлаар "T10X"-ийн үйлдвэрлэгчид жилд 100 мянгыг үйлдвэрлэх боломжтой байгаа ба үйлдвэрийн бүрэн хүчин чадлаар ажиллавал 175 мянгыг үйлдвэрлэж чадах аж. Тэд 2030 он гэхэд зорилтот таван сегментэд нэг сая цахилгаан автомашин борлуулах зорилго тавьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.