Шанхай хотын иргэд амьдралдаа сэтгэл хангалуун байгаа учраас хүүхэдтэй болохыг хүсдэггүй гэжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-03
Хятадын Шанхай хотын хүн ам өнгөрсөн онд 2021 оноос 135400-гаар буурчээ. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар тус хотод байнгын оршин суугч 24.75 сая иргэн байгаа бөгөөд 2021 онд 24.89 хүнтэй байсан аж. Иймд хотын статистикийн газраас судалгаа хийхэд судалгаанд оролцогчдын 41.8 хувь нь “Одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байгаа учраас хүүхэдтэй болохыг хүсдэггүй” хэмээн хариулсан байна. Мөн судалгаагаар хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэгийг нь тодруулахад Шанхай хотын байнгын оршин суугчдын 58.5 хувь нь нэг хүүхэдтэй болохыг хүсдэг гэсэн бол 36.7 хувь нь хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг гэжээ. Иймээс дахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаагийнх нь шалтгааныг тодруулахад 28.5 хувь нь хүүхэд өсгөх зардал, санхүүгийн дарамт гэсэн бол 13 хувь нь нас болон биеийн байдлаас шалтгаалан хүүхэдтэй болох боломжгүй гэж хариулсан байна. Харин үлдсэн хэсэг нь хүүхэдтэй болбол түүнийг асрах хүн байхгүй, илүү чөлөөтэй амьдрахыг хүсэж байна, хувь хүний хөгжил, ажилдаа илүү анхаарахыг хүсэж байна гэж хариулжээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн судалгаагаар тус хотын хүн амын 73.8 хувь нь нэг, 24.34 хувь нь хоёр, 1.86 хувь нь олон хүүхэдтэй гэсэн үр дүн гарчээ. Шанхай хотод 534 мянган хүүхдийн 1708 цэцэрлэг, 58 мянган хүүхдийн 1309 хүүхэд асрах газар байдаг бөгөөд хотоос “Baby House” гэдэг гурав хүртэлх насны хүүхдийг харах үйлчилгээ нэвтрүүлэхээр судалж байгаа ажээ. Ерөнхийдөө тус хотод хүүхэд болон бага насны хүүхэдтэй өрхөд төрөөс үзүүлэх үйлчилгээ сайн боловч залуус хүүхэд төрүүлэх нь багассан байна. Тиймээс Хятадын засгийн газраас хүн амын жам ёсны өсөлт буурч, улсын хүн ам хөгширч буйг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэйг тус улсын мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.