106 настай шивээсчин “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэв
Анд нөхдийн мэдээ
2023-03-31
Филиппиний алдартай шивээсчин 106 настай Ван-Одын зураг загварын “Vogue Philippine” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарлаа. Тэрбээр 1917 оны хоёрдугаар сарын 17-нд төрсөн бөгөөд 16 настай байхдаа ааваараа шивээс хийхийг заалгажээ. Улмаар зэргэлдээх тосгоноосоо авхуулаад хаа холын газарт хүртэл хүмүүсийн хүсэлтээр очиж өвөг дээдсийнхээ бэлгэ тэмдгийг тэдний бие дээр шивж өгдөг болсон байна. Тэр шивээс хийхдээ ус, нүүрсийг хольж бэх гаргах ба нутагтаа ургадаг жимсний модны өргөсийг ашигладаг байна. Мөн геометрийн дүрс болон байгалиас санаа авсан шивээс гол төлөв хийдэг ажээ. Филиппинчүүд Ван-Одыг 2017 онд "Үндэсний амьд эрдэнэ" шагналд нэр дэвшүүлж байсан удаатай. Тэрбээр өнөөгийн филиппинчүүдийн ярьдаг тагалог эсвэл англи хэлээр ярьдаггүй, зөвхөн нутгийн батбат хэмээх хэлээрээ ярьдаг байна. Ийнхүү 106 настай, биеэрээ дүүрэн шивээстэй Ван-Од тод хүрэн ягаан өнгөөр уруулаа будаж, уламжлалт зүүлтээр гангаран, хар майк өмсөж "Vogue" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг чимж, олны анхаарлыг татлаа. Түүний оролцсон сэтгүүлийг алдартай загвар өмсөгч Жижи Хадид, Кара Делевинь нар Инстаграм сторигоороо хуваалцсан юм. Мөн Ван-Од "Vogue" сэтгүүлд гарсан хамгийн өндөр настай эмэгтэй болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.